Өчигдөр БНСУ-д 29 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадам хөшгөө нээлээ. Нээлтийн үеэр 2023 оны 12 дугаар сарын 27-нд амиа хорлосон жүжигчин И Сон Гюүнд солонгос киног дэлхий дахинд сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, “Гавьяа, амжилт” шагналаар шагнасан.
Том дэлгэц дээр И Сон Гюүний сүүлийн ярилцлагын бичлэгийг гаргахад ихэнх жүжигчин нулимсаа барьж чадахгүй, уйлж байлаа. Харин энэ нь олон үзэгчийн сэтгэлд хүрсэнгүй, тэд И Соныг хэт магтаж, тахин шүтлээ гэж наадмыг зохион байгуулагчид болон БНСУ-ын кино ертөнцийг шүүмжилсэн байна.
Солонгос үзэгчид хар тамхины хэргийн үеэр И Сон Гюүнийг цагдаа нар харгис хэрцгийгээр дарамтад оруулсныг хүлээн зөвшөөрсөн ч И Сон Гюүн тийм цэвэр ариун хүн биш байсан гэдгийг онцолжээ. “Эхнэрийнхээ араар өөр хүүхэнтэй холбогдсон”, “Шөнийн цэнгээний газарт нууцаар ордог байсан”, “И Сон гэмгүй хохирогч болчихсон юм уу”, “Биеэ үнэлэгч авдаг байсан нь батлагдсан”, “Гэм буруугаа хүлээхээсс айгаад энэ ертөнцөөс зугтсан хүн”, “Жинхэнэ хохирогч нь түүний хүүхдүүд, эхнэр л байх”, “Бурхан шиг л тахиад байх юм”, “Энэ шагналыг авах гавьяагүй хүн”, “Найзууд нь гэр орондоо, хувиараа уйлж унжвал болно. Харин олон нийтийн газарт, телевизээр ингэж дурсаад байх шаардлагагүй” гэх зэргээр цахим шүүмжлэлд алдартай солонгос хэрэглэгчид бичиж эхэлжээ.