Испанийн Ла лигийн 9-р тойрог өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб энэ тойрогт “Алавес”-ийн талбайд зочилж тоглов.
“Барселона” клуб энэ улирлын Ла лиг дэх анхны ялагдлаа өмнөх тойрогт “Осасуна”-гийн талбайд хүлээсэн бол “Алавес”-ийн хувьд эхний найман тоглолтынхоо тэн хагаст нь хожигдчихоод байсан юм.
Эл тоглолтын эхний хагаст Польш довтлогч Роберт Левандовски хэттрик толилуулж, “Барселона” клуб өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авснаар Ла лигийн тэргүүллээ хадгалж үлдлээ.
Харин Ла лигийн дэд байрт эрэмблэгдэж буй “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Вильярреал”-ыг талбайдаа хүлээн авч 2:0 харьцаатайгаар хожсон юм. Ийнхүү “Барселона” болон “Реал Мадрид” клубүүдийг одоогоор гурван оноо зааглаж байна.
36 настай Роберт Левандовски энэ улирлын эхний 11 тоглолтодоо 12 гоол данслав. Энэ нь Европын топ таван лигийн бүх тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт юм. Тэрбээр Ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг 10 гоолтойгоор итгэл төгс тэргүүлж байна.
Левандовски энэ удаад замналынхаа 18 дахь хэттрикийг дархалсан. Түүний хувьд, “Байерн Мюнхен”-ий өмнөөс 14 удаа, “Боруссиа Дортмунд”-ын өмсгөлтэй 2 удаа, “Барселона”-д мөн 2 удаа хэттрик бүртгүүлээд байгаа юм.