Английн Премьер лигийн үнэмлэхүй аварга “Манчестер Сити” клуб сүүлийн тоглолтуудаа муу үр дүнтэй өндөрлүүлж буй нь хөлбөмбөг сонирхогчдыг багагүй гайхашруулж байгаа билээ.
Тэд ням гарагт “Лейстер Сити”-г талбайд нь 2:0 харьцаатайгаар буулгаж авснаар 2024 оныг хожлоор үдэв. Тэр тусмаа тус клубийн цор ганц довтлогч Эрлинг Хааланд уг тоглолтын үеэр энэ улирлын Премьер лигийн 14 дэх гоолоо оруулсан.
Энэ нь түүний хувьд, 12-р сарын эхээр “Кристал Палас”-тай 2:2-оор тэнцсэн тоглолтод гоол оруулснаас хойш талбайд өөрийн нөлөөллийг тунхагласан анхны тохиолдол болов.
Улмаар Пепийн баг сүүлийн таван тоглолтодоо дараалан хожиж чадаагүй байсан тааруу цувралаа дуусгалаа.
Эл тоглолтын дараа Гуардиола томоохон мэдэгдэл хийж, хөлбөмбөг сонирхогчдын чихийг сортойлгов.
Тэрбээр Эрлинг Хааланд, Изабель Хаугсенг Йохансен нарыг анхны хүүхдээ өлгийдөж аваад хэдхэн хоног өнгөрч байгааг зарласан.
Гуардиола сэтгүүлчдэд хэлэхдээ “Заримдаа Хааландын сайн, муу формыг хэт анхаарч ярьдаг нь ҮНЭН. Тэр сүүлийн хэдэн өдөр ядартлаа ажиллаж байна, амрах завгүй олон минутыг талбайд өнгөрүүлснээс гадна анх удаа аав болсон учир асар өндөр сэтгэл хөдлөлтэй байгаа нь гарцаагүй” гэсэн юм.
Хааланд аавын үүрэгт ажилдаа дадаж, нойргүй хоноход ч дасах цаг мөдхөн биз ээ.