UBLife Logo
Дэлхий

Тэд бидний тухай: Монгол Барууны түүхий эдийн бааз болохгүй гэдгээ амласан

Тэд бидний тухай: Монгол Барууны түүхий эдийн бааз болохгүй гэдгээ амласан

Инфо ШОС цахим сайтад гарсан нийтлэлийг товчлон орчуулж байна.

Владимир Тавриди, олон улсын тоймч, ШХАБ-ын мэдээллийн төв

Орос: Хөршөө сонгодоггүй

Олон улсын энэхүү ээдрээтэй байдалд хөршүүдтэйгээ харьцах харилцаа ОХУ-ын хувьд тун онцгой утгатай болоод байна. Дэлхий дээр Орос шиг олон хөрштэй улс байхгүй. Киев тэргүүтэй Эртний Орос улс үүссэн тэр цагаас эхлэн хамгийн гол зорилго нь хөрш орнууд, нүүдэлчид, хүчирхэг гүрнүүдтэй дайн, энхийн асуудлаа шийдэх явдал байлаа. Хазар, печенег, татар-монгол, хүлэг баатрууд, польш, швед, Крымийн татарууд – бүгд Оросын газар нутагт орж ирсэн, бүгд тохирох хариугаа авсан билээ. Дараа нь дайснуудын тоо цөөрсөн ч илүү хүчирхэг дайснуудтай болсон байв. Герман, франц, англи, харин одоо америкчууд, Евразийг эзлэн орших, гурван далайтай хиллэсэн, дэлхийн хамгийн том орныг задлахаар оролдож байна.

Манай Ерөнхийлөгчийн хэлснээр бидэнд газар нутаг хэрэггүй, бидэнд аюулгүй байдал хэрэгтэй. Бидний түүх бол үүний амьд жишээ юм. Оросын газар нутгийг өргөтгөх тэмцэл ихэнх тохиолдолд Польш, Герман, Англичуудтай хийсэн тулаан байлаа. Сибирийг ч гэсэн Орос орон Алтан Ордын үлдэгдэл болох татар хануудтай дайтаж авсан байдаг.

Гэтэл урван тэрсэлсэн 1991 он эхэлж, бид бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй боллоо. Дайснууд явганаар орос газар нутгийн гүнд ороод ирэх боломжтой болсон юм. Сүүлийн жилүүдэд АНУ болон НАТО Оросыг тойрсон дипломат болон цэргийн хана, хөшиг босгож, дэлхийн олон нийтээс тусгаарлах гэж оролдож байна. Яг ийм зүйлийг тэд БНАСАУ-тай хийсэн, одоо Москваг гадуурхах гэж хичээж байгаа. Тийм болохоор л хөршүүдийн харилцаа Орост их чухал байгаа юм.

Хамгийн олон хүнтэй, саяхан болтол хамгийн тайван бус хөрш байсан Хятадтай манай харилцаа 1980-аад оноос дулаарч эхлэн, өнөөдөр стратегийн түнш болтлоо өргөжжээ. Манай хоёр улсын хооронд цэргийн гэрээ байхгүй ч энэ салбарт хамтын ажиллагаа хөгжиж байна. Барууны хоригийн дүнд Орос, Хятад улсууд хэн хэндээ ашигтай худалдааны түншүүд болжээ. Саяхан Пакистанд болсон Орос, Монгол, Хятадын Засгийн тэргүүн нарын уулзалт Алс Дорнод дахь хөршүүдтэйгээ байгуулах улс төр, эдийн засгийн холбоо нь ямар өгөөжтэй, гүн гүнзгий байж болохыг харууллаа.

БНАСАУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь онцгой чухал. Өнгөрсөн зургаадугаар сард манай хоёр орны хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан төдийгүй нэг нь халдлагад өртөхөд нөгөөх нь цэргийн тусламж үзүүлэхээр болсон. Гадаадын олон хэвлэлийн мэдээлж байгаагаар бол БНАСАУ одоо Орост тийм тусламж үзүүлж байгаа бололтой.

Зүүн Өмнөд Азийн хуучин холбоотнуудтайгаа бид харилцаагаа сэргээж байна. Өнгөрсөн хэдэн сард Орос улс Камбожтой цэргийн гэрээ байгуулж, Лаостой хэлэлцээ хийн, энэ хоёр орны армитай хамтарсан сургууль хийлээ. В.Путины Вьетнамд хийсэн айлчлалаар цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа сэргээх гэрээ байгууллаа.

Монголтой ч бид сайн харилцаагаа сэргээж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд хийсэн, Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн арга хэмжээнд оролцсон айлчлал Монгол улс Евразийн холбоонд элсэх гэрээ байгуулснаар өндөрлөсөн. Энэ талаар Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр зуурын гэрээ байгуулахаар тохиролцлоо. Баримт бичгийг баталсны дараа Улаанбаатар Евразийн холбооны зах зээлд 400 төрлийн бүтээгдэхүүн татваргүй нийлүүлж чадна” гэж мэдэгдсэн. Товчхон хэлэхэд Монгол улс бидэнтэй бараг татваргүй худалдаа хийж, харин Орос улс хариуд нь Монголоос Барууны орнуудын түүхий эдийн бааз болохгүй гэсэн тодорхой баталгаа авч байгаа юм. Энэ нь НАТО-гийн цэрэг-аж үйлдвэрийн хүчин чадлыг бууруулах болно.

“Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн барилгын ажил энэ төсөлд оролцож байгаа гурван улсад бүгдэд нь ашигтай үйл явдал болох учиртай. Пакистанд болсон ШХАБ-ын форум дээр энэ асуудал гурван улсын засгийн газрын тэргүүдийн хэлэлцээний гол сэдвийн нэг байлаа. Халхын голд милитарист Японыг Халхын голд ялсны 85 жилийн ойн өмнө болсон олон улсын терроризмтой тэмцэх “Сэлэнгэ-2024” хамтын хээрийн сургууль нь үүний чухал нэгэн элемент билээ.

Афганистантай ч харилцаа хэвийн болж эхэлж байна. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирал А.Бортниковын Талибаныг алан хядагч байгууллагын жагсаалтаас хасах гэж байгаа талаарх мэдэгдэл Москва, Кабулын харилцаа сайжирна гэсэн итгэл өгч байна.

Турк бол манай өмнөд хэсэг дэх хамгийн хэцүү, хамгийн таамаглах аргагүй хөрш. Хоёр талаасаа хавчигдсан, НАТО, Европын Холбоо, дайн дажинтай Ойрх Дорнодын улсуудтай хэл амаа олохоос өөр аргагүй байгаа энэ орон хөршүүдтэйгээ тэгш харилцан, газар зүйн байрлалаасаа ашиг олсоор байна.

Сирид хамтран ажилласан туршлага нь Иранд Орос улс төр-эдийн засаг, цэрэг-стратегийн найдвартай, ашигтай түнш гэдгийг харуулсан. Манай ГХЯ-ны сайд Ираны цөмийн объектод цохилт өгч болохгүй гэдгийг Израилд анхааруулсан байгаа. Израилаас болж хойшлоод байгаа иж бүрэн түншлэлийн гэрээгээ байгуулбал бид өмнөд хил дээрээ бас нэгэн үнэнч холбоотонтой болох юм.  

Хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсууд бол өөр асуудал. Кавказ, Дундад Азийн улсууд манай орны удирдагчдын хувьд байнгын толгойн өвчин хэвээр байна. Армени, Азербайжаны дайн, Армени улс Барууны орнуудтай Оросын эсрэг холбоо тогтоох гэсэн оролдлого энэ бүс нутагт таагүй байдал үүсгэж байна. Дундад Азийн орнууд Оросын нөлөөнөөс гарах гэж АНУ, Их Британи, Францтай ойртох гэж оролдож байна. Өнгөрсөн сар энэ бүс нутагт англи зөвлөгчдийн удирдлага дор хамтарсан цэргийн сургууль болж өнгөрлөө.

Оростой хиллэлдэг ихэнх орон БРИКС, ШХАБ зэрэг олон талт байгууллагад элсэж байна. Барууны хяналтад байдаг газар нутгийг тойрон, харилцан ашигтай худалдаа хийх боломжийг энэ байгууллагууд олгож байна.

Орос бол энх тайванч орон, бид эхний байрт үргэлж эдийн засгийн хамтын ажиллагааг тавьдаг, өмнөд, дорнод хил дээрээ энхтайван, тогтвортой байдлыг тогтоох хүсэлтэй гэдгээ байнга цохон тэмдэглэж ирсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.