Эхнэрээ баярлуулна гэхээр л жилдээ ганц хоёр удаа үнэтэй ресторанд оруулж, цэцгийн баглаа бэлэглэхэд болно гэж бодож байгаа юм биш биз? Өдөр тутамдаа ч хийж болох, эхнэрээ баярлуулах ийм хэдэн санаа байна.
Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд юу хийж болох вэ?
1. Өглөөний цай бэлтгэх, хоол хийж өгөх
Өглөөний цайг нь бэлдэж өгвөл их баярлана даа. Өдөр, оройны хоолоо хийчихвэл, баяр ёслолын зоог бэлдчихвэл бүр “гараад өгнө”.
2. Хүүхдүүдээ салхилуулж, ганцааранг нь үлдээх
Хүүхдүүдээ дагуулан салхилж, тоглоомын газарт тоглуулж эхнэртээ ганцаараа хэсэгхэн ч болов амрах хугацаа өгвөл янзтай. Тайван суугаад кино үзэх, хөөстэй усанд хэвтэх, ном унших, эсвэл зүгээр л тааз ширтээд хэвтсэн ч тэд сайхан амарсан мэт болно.
3. Эсвэл хүүхдээ харж үлдээд өөрийг нь гарга
Хүүхдээ өдөржин биш юм гэхэд хэдэн цаг харж, эхнэртээ гадуур явж, найзуудтайгаа уулзах чөлөө өгөөрэй. Гоо сайхны газар орж, дэлгүүр хэсэж ч болно шүү дээ.
4. Магтаал хүсэлгүйгээр гэрийн ажил хий
Гоожуурт хэрэглэсэн аяга таваг байвал “Туслах уу?” гэж асуулгүйгээр шууд л угаа. Угаахаар бөөгнөрүүлсэн хувцаснуудыг угааж, хүүхдүүдийн тараасан эд хэрэглэлийг хураахыг нь хурааж, эвхэхийг нь эвхэх гэх мэт. “Баярлалаа” гэж хэлэхгүй бол бүү гонсойгоорой. Өдөр бүр танд анзаарагддаггүй олон ажил хийдгийнх нь төлөө та түүнд тэр бүр талархдаггүй болов уу.
5. Гэрийн ажлаа тайван хийхэд нь тусалж, хүүхдүүдээ саатуул
Оройн хоолоо бэлтгэж байхад нь хүүхдүүдээ өөр өрөөнд авч ороод тайван байх чөлөө олго. Хөлөөс нь зүүгдэх, уйлж дагах хүнгүйгээр.
6. Бүгдийг нь өөрөө бэлдээд салхинд авч гар
Хотоос гадагш, салхинд гарах дургүй хүн цөөн. Гарах болохоор ээж, бүсгүйчүүд замдаа идэх зуушнаас эхлээд хүүхдийн солих хувцас хүртэл бүхнийг бэлдэх нь түгээмэл тул заримдаа түвэгтэй байдаг. Харин та энэ бүхнийг өөрөө бэлдээд хайртай эмэгтэй тань шууд л машинд суугаад зугаалахад бэлэн болгоод гэр бүлээрээ салхинд гарвал хэчнээн таатай.
7. Хоёулхнаа байх цаг гарга
Эхнэрээ романтик болзоонд урьвал лав баярлана. Гэхдээ заавал гадагш гарч, ресторан орох шаардлагагүй. Хүүхдээ унтсан хойно жижигхэн бялуу хийж өгөөд лааны гэрэлд юм ярьж суусан ч хоёулхнаа байх тэр хугацаа түүнд үнэтэй бэлэг болно. Хамгийн гол нь яриаг нь анхааралтай сонс.
8. Ханатлаа унтах боломж өг
Өглөө хүүхдээ сэрэхэд нь өрөөнөөс авч гараад эхнэртээ унтах чөлөө гаргаарай. Эсвэл өдөр дугхийх боломж олго.