UBLife Logo
Newsfeed

2024 онд уур, инээд хүргэж, сонирхол татсан ОНЦЛОХ ЗҮЙЛС

Ub.life
Ub.life
2024 онд уур, инээд хүргэж, сонирхол татсан ОНЦЛОХ ЗҮЙЛС

Адал сониноор дүүрэн нэгэн он улирч байна. Хэрэв 2024 он гацуур мод байвал эдгээр зүйлс гарцаагүй бөмбөлөг чимэглэл нь байхаар тод байлаа. Харин таны хувьд энэ оны онцлох зүйл юу байсан бэ?

Эргэн ирсэн цирк

2020 оноос эхэлсэн “Аса цирк”-ийн засварын ажил дууслаа. Гял цал өнгө төрхтэйгөөр эргэн ирсэн цирк олны шүүмжлэл, магтаалыг хүртээд амжив.

Хэрэгтэй шийдэл

Явган хүний гарцан дээр гэрлэн дохионы өнгөөр асдаг гэрлэн зурвас мөн гэрлэн тусгал бүхий явган хүний гарц хийсэн нь Улаанбаатар шиг машинд эзлүүлсэн хотод маш хэрэгтэй ажил болжээ.

Талын нэг Тара

Нийслэлд түрээсийн скүүтэр, цахилгаан дугуйны соёл нэвтрээд удаагүй байна. Тэгвэл уг соёлд Тара нэрийн скүүтер, дугуй орж ирснээр хэрэглэгчдэд сонголт, зах зээлд өрсөлдөөн нэмэгдэв. 

Шинэ сонин

Долоо хоног тутмын Unread Today сонин гарлаа. Технологийн хөгжлийг дагаад мэдээллийн суваг цахим хэлбэрт бүрэн шилжиж буй цагт цаасан хэвлэл шинээр гарсан нь онцлууштай явдал байв.

Бухын хөшөө

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хөрөнгийн зах зээлийн бэлгэдэл болсон бухын хөшөөг Анкарагийн гудамжинд босголоо.

Өндөг шидээд л, кино кино

Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр нэг цагаан өндөг шунгинан ирэв. Үүнийг шидэгч нь “Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатар байлаа.

Буруутай бургас

Сэлбэ гол үерлэж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон явдал сүүлийн хоёр зун тохиосон. Тэгвэл үерийн буруутан нь эцэстээ бургас болж таарав. Тиймээс буруутай бургасыг булгалан авч хаялаа.

Ховордсон эрдэнэ

Улаанбаатар хотод автомашины улсын дугаар олгохгүй болсон нь олныг тун их сандаргав. Шийдвэрийг зарлахтай зэрэгцэн дугаарын үнэ тэнгэрт хадлаа.

Улсаараа “уралцсан” олимпын хувцас

“Парис-2024” наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцас 2024 онд улсаараа хэлэлцсэн цорын ганц сэдэв байв. Хятад хувцасны загвар хулгайлсан, манж хээгээс эхлээд загвар, оёдлын олон арван “мэргэжилтнүүд” өөрийн саналаа өргөсөн юм.

Машины цахим гэрчилгээ

Тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор 2024 оноос эхлэн автомашинд цахим гэрчилгээ олгож эхэллээ.

45 хоногийн сургалт

Улсын хэмжээнд багшлах боловсон хүчин дутагдалтай байгаа тул иргэдийг 45 хоногийн сургалтад суулгаж, багшлах эрх олгох тухай шийдвэрийг салбарын яамнаас танилцуулсан нь олныг талцууллаа.

Анхны машин Булганых

Таваншарын нүхэн гарцыг нээхэд хамгийн түрүүнд нэвтэрсэн машин Булганых байжээ гэсэн тайлбартай зураг нийгмийн сүлжээнд олныг хөгжөөгөөд авлаа.

Аавын малгай

“Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, МУГТ Ц.Баттулга аавынхаа малгайг өмсөж зургаа авахуулсан нь олон хүний сэтгэлийг хөдлөв. Тэрээр тэмцээн уралдаанд оролцох бүрдээ аавынхаа малгайд мөргөдгөө ярьсан юм.

Subway Монголд

Дэлхийн 110 оронд салбартай амтат сэндвичний Subway брэнд Монголд нээгдлээ. Гэвч Subway брэндийн гол онцлог болсон орцоо өөрсдөө сонгох үйлчилгээ нэвтрээгүй нь хэрэглэгчдийн урмыг хугалав. 

Болдоггүй бор бордюр

2024 он бол нийслэлийн хэмжээнд “бордюрын жил” байлаа. Боржур солих нь ямар ач холбогдолтойг хүмүүс эрж хайсан боловч одоо хүртэл хариулт нь олдоогүй л байна.

Бэлтгэсэн У.Бямбаням

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.