Казахстаны Спорт, аялал жуулчлалын яамнаас жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Италийн мэргэжилтэн Эцио Гамбаг томилсноо зарлаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Италийн агуу жүдоч, олимпын аварга, дэлхийн хошой мөнгөн медальт Эцио Гамба манай шигшээ багт ажиллах боллоо. Түүний удирдлагаар орчин үеийн шинэ бэлтгэлийн арга барил нэвтрэх болно. Түүний систем олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлснийг бүгд мэднэ. Гамбагийн удирдлагаар Италийн шигшээ баг 2000 оны олимпод 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан. Харин ОХУ-ын шигшээ 2012 онд Лондонд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авч байсан билээ. Эциогийн багт ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга Роберт Мшвидобадзе, Европын мөнгөн медальт Батрадз Кайтмазов, Японы мэргэжилтэн Цүёши Цүнода нар багтсан. Энэ багийн туршлага, ур чадвар Казахстаны жүдог шинэ оргилд хүргэх болно” гэж дурдсан байлаа.
Гэвч Казахстаны жүдод үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж эхэллээ. Юуны өмнө Гамба нь ОХУ-ын иргэншилтэй гэдгийг тэд онцолсон. 2016 онд ОХУ-ын иргэн болж, 2016 оноос хойш Орост амьдарч байгаа Гамба Казахстаны жүдод хэрэг болох уу гэж шинжээчид эргэлзэж байна. Мөн түүний багийн гишүүн, ОХУ-ын жүдоч Роберт Мшвидобадзе нь Казахстаны Елдос Сметовд дөрвөн удаа ялагдаж байжээ. ОХУ-ын иргэншилтэй дасгалжуулагчдаар удирдуулахыг казах жүдочид хүсэхгүй байгаа юм.