“Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолагийн Англид ажиллах гэрээ энэ улирлын төгсгөлд дуусах билээ. Тэгвэл Гуардиола одоогийн гэрээгээ ахин нэг жилээр сунгахаар зэхэж байна гэдгийг The Athletic мэдээлэв.
Испани дасгалжуулагч “Сити”-д ажиллах хугацаандаа Премьер лигт зургаа, Английн цомын тэмцээнд 2, Лигийн цомын тэмцээнд 4, Аваргуудын лигт нэгэнтээ түрүүлээд буй.
Тэрбээр “Манчестер Сити” клубийг Европын Аваргуудын лигийн тэмцээнд анх удаа түрүүлгэж түүхэн амжилтыг дархалсан юм.
Гэхдээ “Сити”-гийн хувьд Английн хөлбөмбөгийн холбооны санхүүгийн дүрмийг зөрчсөн гэх 115 хэрэгт буруутгагдан шалгагдах болсон нь клубийн дотоод нөхцөл байдалд хүндээр тусаж байна. Тэд өдгөө сүүлийн дөрвөн тоглолтодоо дараалан хожигдоод буй.
Энэ нь Пепийн хувьд, дасгалжуулагчийн замналдаа дөрөв дараалж хожигдсон анхны тохиолдол болсон.
Премьер лигийн үнэмлэхүй аваргууд бямба гарагт Премьер лигт “Тоттенхэм”-ийн эсрэг тоглоно.