ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан, Украины Днепр дэх цэргийн байгууламжид “Орешник” нэртэй шинэ пуужингаар цохилт өгснөө мэдэгдлээ. Энэ нь Украины арми АНУ-аас нийлүүлсэн ATACMS, Storm Shadow пуужингаар Оросын нутгийн гүнд харвасны хариу арга хэмжээ гэж тэр хэлсэн юм. Мөн энэ сарын 19-нд Украинаас эхлээд америк ATACMS пуужин харваад дараа нь Их Британийн Storm Shadow, HIMARS ашигласан гэдгийг ярив.
ATACMS нь Брянск муж, харин Storm Shadow Курск мужийн нутаг дэвсгэрт унасан гэнэ. Брянскт ямар нэг хохирол учраагүй бол Курскт хүний амь үрэгдсэн гэж В.Путин хэллээ.
Украины Ерөнхийлөгч Зеленский “Энэ бол дайныг улам өргөжүүлэх оролдлого. Гадаадын пуужин хэрэглэсний хариу арга хэмжээ гэж Путин хэлсэн нь худал. Бид өмнө нь ч гадаадын пуужин харваж байсан” гэж мэдэгджээ.