ОХУ-ын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас санал нэгтэйгээр Виталий Макаровыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томиллоо. Тэрээр 2008 оноос хойш шигшээ багийг удирдсан Эцио Гамбагийн оронд ажиллах юм.
Эцио Гамба өнгөрсөн зун ОХУ-ын шигшээ багаас гарсан гэнэ. Гэхдээ тэрээр Италийн жүдо бөхийн холбоооны тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр чөлөө авсан бололтой. Сонгуульд ялагдсаных нь дараа Гамбаг шигшээ багт буцаж ирнэ гэж хүлээж байсан ч хэдэн өдрийн өмнө гэнэтийн мэдээ гарсан. Гамба Казахстаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа нь мэдэгдсэн юм. Ингээд ОХУ-ын жүдо бөхийн холбоо шинэ дасгалжуулагч сонгохоос өөр аргагүй болжээ.
Виталий Макаров – 50 настай. 2004 оны Афин олимпын наадмын мөнгөн медальт. 2001 оны дэлхийн аварга. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. 2008 оноос шигшээ багт туслахаар ажиллаж байлаа. Мөн “Явара-Нева” клубыг удирдаж байв.