Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг тавантаа гардсан Криштиано Роналдугийн “Аль-Насср” клубтэй үзэглэсэн гэрээ 2025 оны зун дуусна. Иймд, түүний ирээдүйн талаарх таамаг хаа сайгүй хүчтэй хөндөгдөх болов.
Эдгээрээс хамгийн их анхаарал татсан мэдээлэл нь Туркийн “Фенербахче” руу буурь сэлгэж, “Реал Мадрид”-д хамтран ажиллаж байсан Жозе Моуриньотой ахин уулзаж магадгүй гэсэн шуум байлаа.
Тэгвэл солилцооны яриа хэлэлцээрийг хамгийн хурдан хугацаанд зарладаг Фабрицио Романогийн зүгээс Роналду болон Туркийн клубийн хооронд ямар ч яриа өрнөөгүй төдийгүй түүнийг ирэх зун нүүхгүй гэж мэдэгдэв. Үүнтэй төстэй санааг Онцгой нэгэн хочит Моуриньо цухуйлгаж, энэ бүх мэдээлэл “инээдтэй” яриа төдий зүйл гэж хэлжээ.
Романо болон Про лигийн шуумтай ойр ажилладаг эх сурвалжуудыг мэдээллээс харахад Роналду одоогийн гэрээгээ сунгаж, Саудын Арабт үргэлжлүүлэн ажиллах төлөвтэй байна.
Том ах ирэх оны 2-р сард 40 нас хүрэх ч, наанадаж 41 нас хүртлээ, цаашилбал түүнээс ч удаан хугацаагаар “Аль-Насср”-т хүчин зүтгэх бололтой.
Роналду даваа гарагийн шөнө Азийн Аваргуудын лигт “Аль-Гарафа” клубтэй тоглох хуваарьтай байна.