UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Ираны бөхчүүд илүүрхэж, орос үзэгчид бухимдав

Чөлөөт бөх: Ираны бөхчүүд илүүрхэж, орос үзэгчид бухимдав

ОХУ-ын мэргэжлийн Поддубный лигийн PWL-7 тэмцээнд дэлхийн бөхийн хоёр их гүрэн болох ОХУ, Иран халз туллаа. Багууд сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхөөр өрсөлдсөн юм. Эхний өдөр сонгомол барилдааныхан дэвжээн дээр гарч, 5:5 тэнцсэн ч оноогоор 21:19 Иран илүүрхэн ялалт байгууллаа. Дараагийн өдөр нь чөлөөт бөхийн халз барилдаан болсон бөгөөд нутгийн үзэгчид өөрийн багийг илт давуу ялна гэдэгт тун итгэлтэй байцгаасан юм. Гэвч болсонгүй, бас л 5:5 тэнцэж, 54:52 нэмэлт үзүүлэлтээр Ираны баг давж, эх орондоо сэтгэл хангалуун буцлаа. Ингэхэд юу болж өнгөрөв?

Мамедов хариугаа авав

Хамгийн хөнгөн 57 кг-ийн жингээр тэмцээн эхэлсэн. Ахмед Идрисов 3:0 харьцаагаар Али Момениг яллаа. Түүний дараа гарч ирсэн Токио олимпын аварга Заур Угуев 22 настай Реза Моменижудадаг 5:1 давав.

Парисын олимпод янз бүрийн шалтгаанаар оролцож чадаагүй Шамиль Мамедов 65 кг-д гарч ирлээ. Олимпод оролцох ёстой байсан гэдгээ тэр батлан харуулах ёстой байв. Өрсөлдөгч нь 2024 оны олимпын мөнгөн медальт, 2022 оны дэлхийн аварга Рахман Амузадхалили. Барилдааныг Шамиль идэвхгүй эхлүүлсэн ч эхний үеийн сүүлд ард нь гарснаар 6:2 тэргүүлж эхлэв. Хоёрдугаар үеийг ч бүрэн хянаж,10:7 ялснаар ОХУ-ын шигшээ гурван ялалтаар илт тэргүүлж эхлэв.

Аварга эргэн ирлээ

Токио олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Заурбек Сидаков холимог тулаанд шилжих яриаг үгүйсгэсээр дэвжээндээ эргэн ирлээ. Хамгийн сүүлд тэрээр 2023 оны ДАШТ-д оролцсон юм. PWL-7 тэмцээнд түүнийг Амир Яздани хүлээж байв. Сидаков шууд л довтолж эхэлсэн, эхний үе 3:0. Дараа нь тэр хамгаалалтын мастер-класс үзүүлсээр 12:1 бут ниргэлээ.

Ираны камбэк

Барилдааны харьцаа 4:0 болжээ. Бөхөө сайн мэддэг, ойлгодог орос хөгжөөн дэмжигчид ялна гэдэгтээ итгэлтэй, баяр хөөртэй байцгаалаа. Бүх юм сайхан болж байна, манай баг дэлхийд хүчирхэг хэвээр байна гэж тэд итгэж байлаа. Гэвч Сидаковын ялалт Оросын багийн сүүлийн ялалт байсан юм.

79 кг-д Махди Юсефи 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт Магомед Магомаевыг 7:5 яллаа.

Ирээдүйн од хэмээн магтагдаж ирсэн Ибрагим Кадиев (86 кг) дэлхийн хошой аварга Камран Гасемпурт 2:5 ялагдлаа.

92 кг-д Амирхоссейн Фирузпур, Магомед Курбанов нарын барилдааны үеэр танхим “буцалж”, Ираны тал шүүлтэд тун их бухимдсан юм. Тэдний челленжийг хүлээн аваагүйн улмаас Амирхоссейн эсэргүүцэл үзүүлэн, дэвжээг орхин буусан. Гэхдээ эргэж ирээд 5:4 ялалтаа авсан.

Тооны харьцаа дөхжээ. 97 кг-д Можтаба Голейж Бады-Маадыр Самданыг оноогоор цэвэр ялав. Ингээд бүх зүйл хамгийн хүнд жинд шийдэгдэх боллоо. Харин энэ жинд Ираны тал илт давамгай.

Ираны талаас олимпын хос медальт (Парис 2024 мөнгө, Токио 2020 хүрэл) Амир Хоссейн Заре гарч ирсэн бол 2024 оны улсын аваргын мөнгөн медальт Шамиль Мусаевт түүнийг ялах маш хүнд даалгавар оногджээ. Шамиль чадсангүй, мөн оноогоор цэвэр ялагдаж, Заре багтаа ялалт авчирлаа.

Оросын бөх сонирхогчид бухимдаж, уурлаж, гомдлоо ил тод гаргасан. Зарим нь дасгалжуулагч нарт буруу өгч байсан бол нэг хэсэг нь багийн бүрэлдэхүүн муу гэж загналаа.

ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацалов “Ийм багийн халз барилдаанууд чухал хэрэгтэй. Бид байнга зохион байгуулах болно. Манай гол зорилго бол олимпын наадам, ДАШТ, Европын АШТ. Өнөөдрийн тэмцээнд заавал ялах гэж бид зүтгэсэн бол бүх жинд нэг номероо гаргах байлаа. Мэдээж шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын хувийн багш нарыг хамтад нь цуглуулж, дүн шинжилгээ хийнэ” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.

ОХУ - Иран - 5:5 (52:54)

57 кг. Ахмед Идрисов - Али Момени - 3:0 (3:0)

61 кг. Завур Угуев - Реза Момени - 5:1 (3:1)

65 кг. Шамиль Мамедов - Рахман Амузадхалили - 10:7 (3:1)

70 кг. Курбан Шираев - Сина Халили - 5:2 (3:1)

74 кг. Заурбек Сидаков - Амир Яздани - 12:1 (4:1)

79 кг. Магомед Магомаев - Махди Юсуфи - 5:7 (1:3)

86 кг. Ибрагим Кадиев - Камран Гасемпур - 5:8 (1:3)

92 кг. Магомед Курбанов - Амирхоссейн Фирузпур - 4:5 (1:3)

97 кг. Бады-Маадыр Самдан - Моджтаба Голейдж - 1:11 (1:4)

125 кг. Шамиль Мусаев - Амир Заре - 2:12 (1:4)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.