Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 13:30 цагаас бөхийн өргөөнөө явагдах Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны 100 жилийн ойд зориулсан барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх барилдах билээ.
Энэхүү наадамд зодоглохоор аварга О.Хангай, арслан Б.Баярсайхан, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.
Нэн ялангуяа өнөө жилийн Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн залуу арслан Б.Орхонбаяр, шинээр заан цолонд хүрсэн Д.Хүдэрбулга, үнэн зоригт уран барилдаант харцага Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү, улсын начин Ц.Сандагдорж нарын тэргүүтэй олон сайчуул зунаас хойш анх удаагаа заалны барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн нь анхаарал татаж байна.
Сонирхуулахад, улс тунхагласны ойн барилдаанд аварга Ч.Санжаадамба таван удаа түрүүлсэн бол дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа, аварга П.Бүрэнтөгс, гарди И.Доржсамбуу нар хоёр удаа, дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, С.Мөнхбат, арслан Б.Орхонбаяр, Д.Азжаргал, гарди Б.Гончигдамба, Н.Ганбааатар, заан Б.Бат-Өлзий, улсын начин Н.Баярбаатар нар тус бүр нэг удаа түрүүлээд байгаа юм.