Францын жүдо бөхийн холбооноос ирэх оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр болох Парисын Их дуулга тэмцээнд зодоглох нутгийн бөхчүүдийн нэрсийг даваа гарагт зарлалаа.
Эл багт олимпын наадмын таван медальтай, дэлхийн аваргад арвантаа түрүүлсэн домогт жүдоч Тэдди Ринер багтжээ.
Өдгөө 35 настай тэрээр 2028 оны олимпын наадамд зодоглох хүсэлтэй буйгаа мэдэгдээд байна.
Тэдди Их дуулга ангиллын тэмцээнд 11 удаа түрүүлснийхээ долоог нь нутагтаа дархалсан.
Түүнчлэн нутгийн Их дуулга тэмцээнд оролцох Францын шигшээ багт дэлхийн аваргын зургаан түрүүтэй, олимпын наадмын иж медальт Клариссе Агбегнену, энэ зун Парисын олимпоор гялалзаж, нэвтхэн үзүүрлэсэн Жоан-Бенжамин Габа, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт Максим-Гаэль Хамбоу, Роман Дико, Ширинэ Букли, олимпын наадмын үзүүр бөх Лука Мхеидзе нар нэрлэгджээ.