UBLife Logo
Спорт

Жүдоч Рой Мейер боксын дэлхийн аварга боллоо

Жүдоч Рой Мейер боксын дэлхийн аварга боллоо

Энэ сарын 22-нд мэргэжлийн боксын ICB холбооны дэлхийн аваргын төлөөх "Boxing Influencers” тэмцээн болж, Нидерландын жүдоч Рой Мейер хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаалаа. Өрсөлдөгч нь 34 настай ирланд тамирчин Кейт Берк байв.

Мейер бол ДАШТ-ий 3 хүрэлтэй, Европын аваргын 2 хүрэлтэй жүдоч. Тэрээр жүдогоо бүр мөсөн орхичихоогүй байгаа. Рой сэтгүүлчдэд “Парисын олимпын өмнө би хөлөө хүнд гэмтээснээс гадна уушги бараг устах дөхсөн. Хиймэл амьсгалын аппарат залгуулаад хэвтсээр байтал 20 кг жин нэмлээ. Дахин дээд зэрэглэлийн спортын тэмцээнд орж чадах уу гэдэг асуудал байсан. Эхнэр маань 135 кг хүрсэн миний зургийг аваад надад үзүүлж, “Энэ хэн бэ” гэж асуусан. Ингээд дасгал, бэлтгэл хийж эхэлсэн. Тайсонтой зодолдох гэж байгаа мэт л бэлтгэсэн. Миний биеийн хөгжил, бэлтгэл мэргэжлийн түвшнийх. Мөн ажилдаа мэргэжлийн хүний ёсоор ханддаг. Сэтгэл зүйн хувьд жүдо бөх намайг хатуужуулж, тэвчээртэй болгосон. Тулааны өмнөх шоу ч таалагддаг. Заримдаа жүдод хэт их хүндлэл байх шиг санагддаг. Ялсан хойноо яагаад ил тод баярлаж, бүжиглэж болохгүй гэж. Магадгүй би жүдогоос илүү бокст авьяастай байж мэднэ” гэжээ.

Харин жүдо бөхөө бүрмөсөн орхисон эсэх талаар “Парисын олимпын дараа Нидерландын жүдо бөхийн холбоонд асуудал гараад байгаа. Тийм болохоор тамирчид бид байдлыг ажиглаад байж байна. Жүдог орхисон биш удирдлага засрахыг хүлээж байгаа. Миний дараагийн зорилго бол 2028 оны олимп” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.