Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан 12-р сарын 29-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдахаар товлогджээ.
Энэхүү барилдаан нь 2024 онд заалнаа зохион байгуулагдаж буй сүүлчийн наадам юм. Түүнчлэн бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой.
Өнөө жил нийт бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж байна. Тэрбээр 2024 он гарснаар заалны 14 барилдаанд зодоглож наймд нь түрүүлээд байгаа юм.