UBLife Logo
Ном

2024 оны онцлох АРВАН ТАВАН ном

2024 оны онцлох АРВАН ТАВАН ном

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Бид 2024 онд уншигчдын гарт хүрсэн сонирхолтой АРВАН ТАВАН номыг онцолж байна.


НОЖИМА НАМИ “МААМУУ ХААНААС ИРДЭГ ВЭ?”

Эрхлэн гаргасан: GARUNA publishing                                         

Орчуулагч: Д.Чимгээ

Зурагтаар хоёр хүн үнсэлцэх сцен гарахад хүүхдийнхээ нүдийг дардаг, сувгаа сольдог гэр бүлүүд өдгөө ч цөөнгүй болов уу. Бид өөрсдөө “Миний хүү ээжийнхээ хүйснээс гарсан” гэж сонсож өссөн учраас өдгөө мэдээллээр хахсан орчинд амьдарч буй хүүхдүүдийнхээ сониуч асуултаас ичиж, халширдаг, яаж хариулахаа мэдэлгүй булзааруулдаг. Эсвэл бүр “хүүхдэд хамаагүй, битгий том хүний юм асуугаад бай” гэж загнаж орхидог.

Сургууль, цэцэрлэг дээр хүртэл ер бэлгийн боловсрол гэж нэг тийм хориотой сэдэв мэт байсаар ирсэн, хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд “өөрийн гэсэн өрөө” байх ёстой гэж ихэнх эцэг эхийн санаанд ч орохгүй, хүүхдийнхээ өрөөнд тогшилгүй ороод эмзэг сэтгэлийг нь шархлуулсаар байдаг. Тийм “мэдлэггүй” ээж аав нарт зориулсан хүүхдэдээ бэлгийн боловсрол олгоход нь туслах хөтөч ном.

Номын зохиогчийн хэлснээр 3 настай байхаас нь бэлгийн боловсролын яриаг хөнгөхөн эхлүүлж болно. Эцэг эхчүүд ОДОО ХЭТЭРХИЙ ЭРТ БАЙНА! гэж бодох үед үргэлж ОРОЙТСОН байдаг.


СТИВЕН КИНГ “БИЧИХҮЙН ТУХАЙ”

Эрхлэн гаргасан: Тагтаа

Орчуулагч: Б.Баясгалан

Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. 

Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.


ШИБА РЁОТАРО “МОНГОЛД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ”

Ивээн тэтгэсэн: Японы “Сантори Соёлын сан”

Орчуулагч: О.Жаргалсайхан

Япоы нэрт зохиолч Шиба Рёотаро (1923-1996) бага насандаа Монгол хэмээх харь улс, нүүдэлчин ард түмний баатарлаг түүхийг уншиж автан улмаар идэр залуу насандаа Ооакагийн Гадаад хэлний дээд сургуульд монгол хэлийг судалж, дайны дараа Японы утга зохиолын ертөнцөд алдартай 50 бүтээлийг туурвисан зохиолч юм.

Тэрбээр Монгол нутагт анх 1973 оны 8-р сарын 21-31 ний хооронд аялсан бөгөөд тус аяллын тэмдэглэлээр дамжуулж Монголын их түүх, иргэншил соёл, хүн ардын аж байдал, БНМАУ-ын өнгө төрхийг сэтгэлд хоногштол хүүрнэн өгүүлсэн байдаг. Аялал Японы Нийгата мужаас эхэлж ЗХУ-ын Хабаровск руу нисч тэнд хоноглоод улмаар Иркутск мужаар дамжиж БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьдаг.

Ийн явах зуураа ЗХУ-ын аж байдал, иргэний нисэхийн үйлчилгээг нарийн нягт ажиж тэдний түүх, соёлын өвөрмөц хэв шинжийг зохиолч хүний нүдээр галт шилээр томруулах мэт “харсан” тэмдэглэл мөн энэ номд буй.

Түүний анхны бүтээл нь “Говийн Хүннү” бэсрэг роман бөгөөд хамгийн сүүлд “Тал нутгийн тэмдэглэл” номоо хэвлүүлж өөрийнхөө Монголыг үзэх үзлийг бүтээлээрээ баринтагласан билээ.


Б.ТӨРМӨНХ “БЯЦХАН САЛХИ”

Эрхлэн гаргасан: Жангар

Орчлон ертөнц болоод өөртэйгөө танилцаж яваа бяцхан салхины түүх юм л даа. Тэр ургаа мод, борооны үүлсийг хүүгүүлэн үлээдэг аварга салхи шиг болохыг, хурдан өсөж том болохыг хүснэ. Гэвч хүсэл нь шуудхан биелчихсэнгүй. Бяцхан салхи ч дорхноо буугаад өгчихсөнгүй.

Хүүхдэд тулгарч буй алив саад бэрхшээл томчуудын хувьд өчүүхэн жижиг асуудал мэт санагдаж магад. Гэвч томчуудын асуудал том, хүүхдүүдэд тулгарч буй асуудал жижиг биш ажээ. Насанд хүрэгчдэд ямар нэгэн саад бэрхшээл тулгарах хэчнээн хэцүү байдаг билээ, хүүхдүүд ч бас өөрийн асуудлыг яг тийм байдлаар мэдэрдэг байна.

Бяцхан салхи түлээн дээрх хатсан навчсыг үлээж үзэв...

Бяцхан салхи шантралгүй оролдсоор л байсан нь номын хамгийн чухал хэсэг байв. Хүүхдүүд өөрт тохиох саадыг ямарваа нэгэн байдлаар даван туулж чаддаг. Гагцхүү өчүүхэн дэм, урам зориг л хэрэгтэй аж.


 БРАЙАН КЛААС “ЯЛЗРАЛ”

Эрхлэн гаргасан: Itgel Maral Publishing

Орчуулагч: Д.Маралгоо, Ц. Нямдэмбэрэл

Уг ном 1628 онд Голландаас хөдөлсөн Батавиа усан онгоцны сүйрлээс амь дүйн зугтаж Бийкон аралд хүрсэн Корнелиз гэгч дарангуйлагч, 1965 онд усан завьтай далайд төөрч эзгүй арал дээр амь зуух зургаан тонга хөвгүүний түүхээс эхэлнэ. Хэн хэн нь эзгүй арал дээр аврал хүлээн амьдрах хувь тавилангаас бултах аргагүйд хүрсэн ч Корнелиз ослоос амьд үлдсэн бусдыгаа  аймшигт дарангуйлалд унагасан бол тонга хөвгүүд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг цэцэн үгийг үлгэрлэн үзүүлжээ.

Энэ хоёр түүхээс эрх мэдэл муу хүнийг өөртөө соронз мэт татдаг уу?, хүний зан чанарт нөлөөлдгийг баталж чадах уу?, ямар ч нөхцөл байдалд хүн шатлан захирах ёсны оргил руу тэмүүлдэг үү?, эсвэл шатлан захирах ёсноос ангид эвсэлдэн нэгдэж  эв зүйгээр зохицох боломжтой юу? гэх асуулт урган гарна.

Клаас энэхүү номдоо ген, тархины хөгжил, сэтгэл судлал, түүх, улс төр, соёлын талаарх олон талт судалгаа шинжилгээ, бодит түүх төдийгүй диктатур, улс төрчид, босогч, шашны гаж урсгалын удирдагч зэрэг 500 хүнтэй хийсэн ярилцлагад үндэслэн эрх мэдэл хүнийг эвддэг эсэх асуултын хариултыг эрэлхийлсэн юм.  Тус номд увайгүй дарангуйлагчаас эхлээд чин шударга, боловсролтой удирдагч хүртэл эрх мэдэл гарт нь байх үед ёс суртахууны ноцтой зөрчилтэй тулгарч, сэтгэл зүйн хувьд амаргүй, ээдрээтэй байдалд ордгийг олж мэднэ.


Б.ЭНХЖАРГАЛ, Э.МИШЭЭЛ “СУРГУУЛЬД ЮУ БОЛДОГ ВЭ?”

Эрхлэн гаргасан: Болжмор

Хүүхдүүд аливаа зүйлийн талаар мэдлэг мэдээлэл, төсөөлөлтэй байх нь шинэ орчин, нөхцөл байдалд ороход бэлтгэлтэй болоход тусалдаг. 

Энэхүү ном нь 3–5 настнуудыг сургуулийн амьдралд бэлтгэх, сургуулийн шинэхэн сурагчдад шилжилтийн үеийг даван туулахад туслах зорилготой бөгөөд сургуулийн бага ангийн сурагчдын хувьд ч сургуулийнхаа тухай эргэцүүллийг нэмж, сургуульдаа дасан зохицох үйл явцыг дэмжихэд тустай юм.

Монгол хүүхдүүдийн айдаг зүйлс, очихоос ч дургүйцдэг газар үнэндээ хэчнээн сонирхолтой, адал явдлаар дүүрэн байж болохыг танилцуулсан бүтээл гэдгээрээ онцлог.


Т.АМАР-АМГАЛАН “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ АРИУН ӨДРҮҮД”

Эрхлэн гаргасан: “Гүн утга” уран бүтээлийн нэгдэл

Тэрээр “хот маань арьсаа гуужуулж буй суугчид мэт төрхөө эвдэж буй”-г тунхаглав. Цаг үеийн таагүй үйл явдал бичигчийн бүтээлд ч царцдаг гэдгийн томоохон жишээнээс зөвхөн нэгийг л дурдахад энэ. Тиймээс цаг үеийнхээ ид бичиж буй зохиолчдын ном бүтээлийг унших шаардлага бидэнд байдаг.

Орчин үеийн яруу найрагчдаас шинэ, өвөрмөц бичих хүсэлдээ үнэнч хандаж буй цөөн бичээчдийн нэг гэж түүнийг тодотгох нь зүй болов уу. Бусад зохиолчдоос ялгаатай нь тэр даган дуурайх үзэгдлээс ангид байж чадсаны амжилт, үр дүн нь энэ ном.


Л.ИШЦЭРЭН “ТӨМӨР БА НҮҮДЭЛЧИД”

Эрхлэн гаргасан: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Археологич Лочингийн Ишцэрэнгийн “Төмөр ба Нүүдэлчид: Монголын нүүдэлчин төрт улсуудын төмөр үйлдвэрлэлийн судалгаа” (НТӨ II – НТ XIII зуун) бүтээл нь нүүдэлчдийн нийгмийн зохион байгуулалтыг археологийн баримтаар тодруулахад чиглэгджээ. Монголын тал нутагт ээлж дараалан оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Монголын эзэнт гүрэн зэрэг хүчирхэг төрт улсуудын хүч чадал чухам юунд байв?

Л.Ишцэрэн нүүдэлчдийн тухай бичигдмэл түүхэнд тэр бүр тэмдэглэгдэж үлдээгүй тэдний үйлдвэрлэлийн түүхийг археологийн баримтаар мөшгөн тодруулах зорилготойгоор сүүлийн 15 орчим жил хийсэн судалгааны үр дүнгээ нэгтгэн энэхүү номоо бичжээ.

Сурвалжийн мэдээнд нүүдэлчдийн талаар санаатай болон санаандгүй байдлаар бичиж тэмдэглэснээр мал маллах, ан гөрөө хийхээс өөр ямар нэг аж ахуйн чадамжгүй байсан хэмээх хэвшмэл ойлголтыг археологийн бодит баримт, лабораторийн судалгааны үр дүнгээр тодруулж няцаалт өгөх, бичигдмэл түүхийг археологийн баримтад тулгуурлан хэрхэн нөхөн сэргээх, шинэ гаргалгаа баримтаар баталж болохыг тодорхой хэмжээнд харуулсан бүтээл гэдгээрээ энэ ном онцлог.


Б.ЦЭВЭГМАА, КОЙБҮЧИ ШИНИЧИ “ОДОТ ТАЛДАА БУЦАХ САН”

Эрхлэн гаргасан: Ритм Паблишинг

"Одот талдаа буцах сан" ном нь Хаант Оросын хавчлага, Хятадын Соёлын хувьсгал, капитализм болоод социализмын үзэл санааны мөргөлдөөн, Монголын ардчилсан хувьсгалыг өөрийн биеэр гэрчлэн, цаг үе, нийгмийн хүчин зүйлсийн өмнө үл гудайн эх оронч, үнэн шударга сэтгэлээр хөдөлмөрлөн амьдарсан эгэл монгол эмэгтэй, түүний гэр бүлийн түүх юм. 

Цэвэгмаа гуайн түүхээр бид хол зайгаар үл зааглагдах үнэнч хосын сэтгэл, ээж-охины нандин харилцаа, ахан дүүс, амраг садан, бүр танихгүй харь хүмүүсийн элгэмсэг тусархуу зангаар хэлхэгдсэн ‘жижигхэн’ хүмүүсийн түүхээс эхлээд, Орос, Япон, Монгол, Хятад гээд дөрвөн орны цаг үеийн өнгө төрх, байр байдал, хувьсгалын өрнөл, үр дагавар бүхий ‘том’ түүхийг ч таних бололцоотой.


ХАСЭ СЭЙШЮҮ “ХҮҮ, НОХОЙ ХОЁР”

Эрхлэн гаргасан: Itgel Maral Publishing

Орчуулагч: Д.Маралгоо

2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японы зүүн хойд нутгийг хамарсан цунами, газар хөдлөлтийн үеэр эзнээсээ төөрсөн Тамон нэрт нохойтой учрах хүмүүсийн нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, амьдралын төлөөх тэмцэл, ганцаардал, баяр баясал, уйтгар гунигийг хүн, нохой хоёрын нөхөрлөлөөр дамжуулан өгүүлсэн зохиол юм.

Тамон Японы зүүн хойд нутгаас урагшаа Кюүшү хүртэл замыг туулах таван жил орчим хугацааг эзнээ хайж өнгөрүүлнэ. Эрлийн замдаа Тамон залуу эр, хулгайч, залуу хос, биеэ үнэлэгч, өвгөн анчинтай таарч, тэдний цөхөрч ганцаардсан сэтгэлийг тайтгаруулах хань итгэл найдварын тулах цэг, цаашлаад заримынх нь амьдралын эцсийн мөчид дэргэд нь байна. Тамон – тэдэнд хамгаалагч сахиус, зүрх сэтгэлийг нь тайвшруулагч, аз ивээлээр учирсан анд нөхөр мэт санагдана.

Зохиолч Хасэ Сэйшюү энгийн хүүрнэлээр гамшгийн дараах нөхцөл байдлыг ганцаараа хийгээд халуун ам бүлээрээ туулж буй хүмүүсийн тэмцэл, зовлон бэрхшээлийг дүрүүд, үйл явдлаар барин тавим тодорхой дүрслэн гаргасан байна. Тус бүтээл Японы уран зохиолын салбарт нэр хүндтэй Наокигийн нэрэмжит шагнал 2020 онд хүртжээ.


ХАН ГАН “ЦАГААН ХООЛТОН”

Эрхлэн гаргасан: Монсудар

Орчуулагч: П.Номинбилэг

Ёнхэ хар дарж зүүдлэн сэрээд нэг л өглөө цагаан хоолтон болж хувирдаг. Өнгөн дээрээ хамгийн энгийн, амгалан тайван гэж хэлж болохоор амьдрал нь ийнхүү орвонгоороо эргэх хүртэл нөхөр нь түүнийг “онц гойд юу ч үгүй хүн” гэж боддог байжээ. Харин махнаас гарах Ёнхэгийн шийдвэр төсөөлшгүй өрнөлд хөтөлж, түүнийг хүрээлэн буй хүмүүсийн ертөнцийг орвонгоор нь эргүүлнэ.

Цагаан хоолтны энгийн түүхээс огт өөр адал явдал, хайр, хүсэл тачаал, сэтгэл зүйн асуудлыг хөндсөн уран зохиолын гайхамшигт ном. 

Гурван бүлэг бүхий энэхүү номын “Монгол толбо”, “Асаж буй модод” хэмээх өрнөл болон төгсгөлийн хэсгийнх нь өгүүлэмжүүд үнэхээр хүчирхэг билээ.


САБАХАТТИН АЛИ “ЭРДҮҮ ХИЙЛ”

Орчуулагч: Х.Нямхишиг

Туркийн уран зохиолд нэг үг байдаг. Тэр нь, “1950-иад оноос хойших туркийн уран зохиол бол ердөө л Сабахаттин Алигийн тээрэм, Сайт Файкын зуух хоёроор дамжиж гарсан бүтээгдэхүүн юм” хэмээсэн үг.

Нэг сонирхолтой санагддаг зүйл нь Сабахаттин Алигийн намтар, манай их зохиолч Д.Нацагдоржийн намтартай маш адилхан. Төрсөн, амьдарсан цаг хугацаа нь ойролцоо, 1928 онд буюу Д.Нацагдоржтой яг нэг онд Германд сурахаар очсон, төр засгийнхаа шийдвэрээр явсан ч дараа нь эргэж татагдсан, эх орондоо ирээд буруудсан, баривчлагдсан, байцаагдсан, шоронд суусан, шүлгийг ч, хүүрнэл зохиолыг ч гоц гойд бичсэн, тэгээд эцэст нь золгүйгээр амиа алдсан гээд л... Түүхэн замнал нь нэн төстэй юм билээ.

Хүн гэгч хэцүү бэрхтэй нүүр тулахаараа хэчнээн тэвчээртэй вэ гэдгийг, хайр дурлал гэгч ямар хүчтэй зүйл болохыг, аль ч нийгэмд амь бөхтэй оршсоор байдаг авлига, хүнд суртал гэх мэт урхаг зүйлсийн тухай далдхан егөө, илэрхий ёжлолыг түүний зохиолуудаас гүн гүнзгий мэдэрч болно.


ЭДГАР ПО “ШҮЛГИЙН АМИН СҮНС”

Эрхлэн гаргасан: Утга зохиолын судлал шинжлэл редакц

Орчуулагч: Ц.Цэнгэл

Цөөн биш хүмүүс түүнийг зохиол бүтээлдээ аллага, таллага, үхэл, муу ёрын тухай бичдэг гэж боддог шиг санагддаг юм.

Эдгар Погийн романтизмын гоо зүйн үндсэн зарчмын нэг нь онц гойд, хүний санаанд оромгүй зүйлийг бичих байв. Тэр аймшгаар, хүнлэг бус үйлдлийг гаж хошиноор элэглэж байсан гэж тайлбарлаж болно. Би ердөө ч Пог адал явдалт зохиол бичсэн гэж боддоггүй. Харин тухайн нийгмээ хөрвүүлэн нөлөөт толиор тусган үзүүлэгч гэж үздэг юм аа. Эдгар Погийн захидал хэлбэрээр бичсэн өмнөх үг, хэдхэн өгүүлбэрээр бичсэн товч үг нь ч гэсэн нуршиж, хуурай онолдсон олон хуудас өгүүллээс илүү товч тодорхой байдаг нь олзуурхууштайг тэмдэглэн хэлэх нь зүйд нийцэх буй за.

Суутнууд ямагт дотроо биднийг элэглэгч, илбэчид байдаг даа.


“ЭРТНИЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ”

Орчуулагч: Ж.Отгонбаяр

Философич, орчуулагч Ж.Отгонбаярын эрхлэн гаргадаг "Софило" цувралын XI боть номоор "Эртний хүний сэтгэл зүй" хэмээх антропологич Б.Малиновски, М.Мосс нарын тэргүүтэй дөрвөн сэтгэгчийн бүтээлийн түүвэр хэвлэгджээ.

Энэхүү ном "Хүн бол сэтгэлийн амьтан", "Нулимсаар мэндчилэх ёсон" гэх хоёр бүлгээс бүрдэнэ.

Тэдгээр нь дотроо "Домгийн үeийн хүний сэтгэл зүй", "Амьдралд шидэт домгийн үүрэг", "Гарал үүслийн тухай домог", "Үхлийн тухай, амьдралын давтагддаг мөчлөгийн тухай шидэт домог", "Илбэ домын тухай домог", "Ж.Фрэзeрийн "Алтан гишүү" хэмээх номын тухай тэмдэглэл", "Мэдрэмж сэтгэлээ заавал илэрхийлэх ёс", "Үхлийн тухай итгүүлгийн биeт нөлөөлөл" зэрэг сэдвүүдийн хүрээнд хамаарах амьд ярилцлага, хүчтэй үзэл санааны тунхаг, шүүмжүүдийг багтаажээ.


Ц.ДЭЛГЭРМАА, Э.БАЗАРРАГЧАА “ТАХИЙН ГЭРТ ЗОЧИЛСОН НЬ”

Эрхлэн гаргасан: Жангар

Өдгөө бид Хустайн байгалийн цогцолборт газрыг зорин очиж монгол тахьтай танилцах бүрэн боломжтой. Гэвч тахь нэгэн цагт уугуул нутагтаа устаж үгүй болоод амьтан судлаачдын ачаар аврагдаж байсан түүхтэй. Тиймээс тахийг хайрлан хамгаалах, яагаад хамгаалах хэрэгтэйг хүүхдүүддээ учирлан таниулах зорилгоор энэхүү номыг бүтээжээ. Хүүхдэд “амьтныг хайрлаарай” гэж захивал тэд ойлгоно. Хайрлах учир шалтгааныг тодруулж, амьтдын тухай ярилцвал тэд илүү их хайрлана.

Мөн нэг амьтныг таньж мэднэ гэдэг нь тэр амьтныг л мэдэж авч буй хэрэг биш. Амьдардаг газар нутаг, тэднийг асарч хамгаалж байдаг хүмүүс, эргэн тойронд нь идээшлэн амьдардаг амьтадтай хүртэл танилцана гэсэн үг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

Сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны судлалаар дагнан ажиллаж буй хүмүүсийн нэг бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржээгийн Мөнхсайхан юм.

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ...