Технологийн дэвшил хурдсаж, цаг зав хэмнэсэн, асуудал шийдсэн, илүү олон боломж олгосон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бидний амьдралын орон зай бүрд нэвтэрч, хэв маяг, хэмнэлийг ч өөрчилж байна. Ердөө 20 жилийн өмнө мөрөөдөл мэт санагддаг байсан зүйл хэдийн биеллээ олсны нэг нь бид алга дарам хэмжээтэй ухаалаг төхөөрөмжөөр байгаа газраасаа бараг л бүхнийг амжуулж чаддаг болжээ. Технологийн дэвшил, харилцаа холбооны салбарын өөрчлөлт зэрэг сэдвийг онцлон Мобиком группийн стратегийн асуудал хариуцсан дэд захирал, “Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Үнэнбаттай ярилцлаа.
-Сэтгүүл маань он солигдох үед уншигчдын гарт хүрч байна. Байгууллага ч, хувь хүн ч нэг жилийн хугацаанд юу хийв гэдгээ эргэн хардаг байх. Тэгвэл Мобиком группийн хувьд өнгөрсөн жилийн онцлох амжилт юу байв?
-Юуны өмнө сэтгүүлийн буландаа урьж ярилцаж байгаад баярлалаа. Жил бүр л өөрийн онцлогтой, харин энэ жилийн хувьд тоон үзүүлэлт гэхээс илүү бодлогоо тодорхойлсон зарим нэг далайцтай ажлуудыг дурдаж болохоор байна. Дараа үеийн технологи болох 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдлаа. Эхний ээлжинд Улаанбаатар хот болон бусад тодорхой бүс нутагт 5G сүлжээг бүрэн туршиж, амжилттай нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бол салбарын ууган компанийн хувьд чухал үүрэг. Дараагийн нэг чухал амжилт бол Мобиком группийн үе үеийн удирдлагууд бизнесийн дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө гаргасан явдал. Өөрөөр хэлбэл, 2024 оны энэ өдрөөс эхлэн ирэх жилүүдэд бид дараагийн шинэ түвшинд гарах тодорхой зорилгоо гаргаж, түүндээ хэрхэн хүрэх талаарх бодлогоо тодорхойллоо. Тухайлбал, бид Тел-ко буюу уламжлалт харилцаа холбооны компаниас Тех-ко буюу технологид суурилсан компани болох зорилт тавьж ажиллахаар боллоо. Энэ нь сүүлийн 4-5 жилд хэрэгжүүлж ирсэн дижитал шилжилтээс дараагийн шинэ үе рүү орох замаа эхлүүлсэн гэсэн үг юм.
-Харилцаа холбооны компаниас технологийн компани болно гэж та хэллээ. Стратегиа дахин тодорхойлох шалтгаан юу байв?
-Монголд давхардсан тоогоор үүрэн холбооны идэвхтэй 4.9 сая хэрэглэгч бий. 10 жилийн өмнөхөөс 1.9 саяар нэмэгдсэн үзүүлэлт. Тэгэхээр өнөөдөр уламжлалт харилцаа холбооны зах зээл ерөнхийдөө ханасан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүн бүр гар утас ашигладаг болж, зүгээр нэг яриа дуудлага хийх эсвэл интернэт хэрэглэх нь тэдний хэрэгцээ шаардлагад нийцэхээргүй болжээ. Тиймээс бид бизнестээ тулгуурлан хэрэглэгчдэд илүү боломж, хялбар үйлчилгээг санал болгохын тулд үндсэн үйл ажиллагаагаа тодорхой чиглэлүүдэд төвлөрүүлж ажиллахаар бэлдэж байна. Нөгөө талаас, өнөөдөр хэрэглэгч ажил, амьдралдаа шаардлагатай олон үйлчилгээг гар утсаараа л авчихдаг боллоо. Тэгэхээр бизнесийн, тэр дундаа үүрэн холбооны салбарын давуу талаа ашиглан хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд төвлөрч байна. Ингэхдээ Мобиком болон өөрийн охин компаниудаар дамжуулан интернэтэд суурилсан контент, видео стрийминг, дижитал тоглоом, санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, байгууллагын хэрэгцээнд нийцсэн дижитал болон бусад шийдлийг санал болгох юм. Гэхдээ зөвхөн Монголд ч биш, дэлхий даяар технологийн шинэ чиг хандлага, өөрчлөлтүүд гарч байна. Удахгүй бид хиймэл оюун ухаан, юмсын интернэт, блокчэйн технологи, роботгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй болох байх.
-Тэгвэл энэхүү өөрчлөлт хаанаас эхлэх вэ?
-Бизнесийн хувьд итгэлцэл болон хамтын ажиллагаа хамгийн чухал. Тэр дундаа дижитал шилжилтэд хамтын энэ маш чухал. Илүү өргөн хүрээнд, ахисан түвшинд, өөрчлөлтийг бүтээхэд нэгдэж, хамтарч, синерги үүсгэж байж үр дүн гарна. Энэ зөвхөн өөр хоорондоо гэсэн үг биш, тэрнээс илүүтэйгээр бусад бизнес, илүү олон санаа болон туршлагатай нэгэнтэй дунд болон урт хугацаанд харилцан бие биедээ ашигтайгаар, илүү үр бүтээлтэйгээр ажиллана гэж стратеги төлөвлөгөөндөө оруулсан. Нөгөө талаас бид гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас хөрөнгө оруулалт хийх болон бусадтай хамтран ажиллахад нэлээн өндөр шаардлага тавигддаг тал бий.
-Тэгэхээр хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ч энэ чиглэлд төвлөрүүлнэ гэж ойлгож болох нь?
-Тийм ээ. Технологи, харилцаа холбооны салбар, хэрэглэгчид өөрчлөгдөж байгаа гэж түрүүн хэлсэн. Тэгэхээр бизнес ч дагаад төрөлжиж таарна. Мобикомын хувьд групп компани болоод 15 жил гаруй болж байна. Группийн бүрэлдэхүүнд үүрэн холбооноос гадна OTT технологид суурилсан VOO платформ, байгууллага болон өрхөд зориулсан өндөр хурдны интернэтийн үйлчилгээ, суурин утас болон байгууллагын технологийн цогц шийдэл санал болгодог “Мобинет” компани, Монголын анхны цахим мөнгө гаргагч, төлбөрийн шийдэл болон санхүүгийн бүтээгдэхүүнд суурилсан финтек буюу “Мобифинанс” компани, медиа болон контент нийлүүлэгч, тэргүүлэгч мэдээллийн сайт www. gogo.mn буюу “Монгол контент”, олон улсын интернэтийн транзит үйлчилгээ болон интернэтийн бөөний урсгал нийлүүлэгч буюу “Мобиком нетворкс” компани, цалин бодолтын үйлчилгээ үзүүлэгч (Мобиком групп, CU, GS25 зэрэг 20 гаруй байгууллагын 10,000 гаруй үйлчлүүлэгчтэй) буюу “Ньютел” компани болон дотоодын ажиллагсдадаа зориулан орон сууц болон цалингийн зээлийн бүтээгдэхүүнд суурилсан “Ньюфонд” компани багтаж байна. Эдгээр компаниа түшиглэн цаашид тех-ко компани болон хөгжихөд шаардлагатай гол бизнесийн домайнаа тодорхойлсон байгаа. Бидний хувьд эдгээр бизнесээ илүү төгөлдөршүүлэх, инновацыг нэвтрүүлэхийг зорилгоо болгоно.
-Уул уурхайн салбарыг тооцохгүй бол Монголд хийсэн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт бол Мобиком. Та энэ компанийн стратегийн чиг үүргийг удирдан ажиллаж байгаагийн хувьд өнгөрсөн 30 жилд Мобиком группийн бүтээсэн үнэ цэнийг юу гэж харж байна вэ?
-Монгол Улс зэх зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хамгийн амжилттай гадаадын хөрөнгө оруулалтын жишээ Мобиком гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Энэ хөрөнгө оруулалтыг сайн гэж үзэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Мобиком Монгол Улсын харилцаа холбооны салбарын хөгжлийг дараагийн шатанд гарахад маш их хувь нэмэр оруулсан. Хоёрдугаарт, япон компанийн хөрөнгө оруулалт байсан нь илүү урт хугацаанд, тууштай хэрэгжихийн үндэс болсон болов уу. Энэ маш чухал. Зарим хөрөнгө оруулагч хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаасаа өгөөж хүртээд гарах сонирхолтой байдаг. Манай хөрөнгө оруулагч KDDI компани илүү алсыг харсан, адилхан харилцаа холбооны компани болохоор хамтдаа хөгжих боломжийг бидэнд олгосон гэж хардаг. Мөн бидэнд компанийн засаглал, соёл, ноухау болон мэдлэгийн хөрөнгө оруулсаар ирсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Мобиком групп маш тогтвортой, жигд хурдаар урагшилсан. Өргөн утгаараа харвал орчин үеийн харилцаа холбооны салбарын бүх үеийн технологийн шинэчлэлийн түүчээ болж, Монгол орон даяар өөрийн сүлжээг нэвтрүүлж, салбарын бусад компанитайгаа хамтдаа хөгжиж ирлээ. Бизнесийн үйл ажиллагаанаас гадна нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэглэгчдийнхээ хамтаар хэрэгжүүлсэн. Эдгээрийн цар хүрээ жил ирэх тусам өргөжиж, үр өгөөж нь монгол хүүхэд, залууст хүрч байдагт хувьдаа ихэд баярлаж бахархаж явдаг.
-Одоо бол Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага гэдэг маш чухал, бүгдэд хамаатай сэдэв болсон байна. Гэхдээ үүнээс өмнө ч Мобиком энэ чиглэлд олон ажил санаачлан хэрэгжүүлсэн байх?
-Хөрөнгө оруулагчдын алсын хараа байсан байх, мөн үе үеийн удирдлагын багийн санал санаачилга ч байсан гэдэгт итгэлтэй байна. Мобиком байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагад тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн. Тэр дундаас НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтод илүү ач холбогдол өгч хүүхдийн чанартай боловсролыг дэмжих чиглэлд хийсэн сүүлийн үеийн ажлаа онцлох ёстой байх. Бид технологийн компанийн хувьд технологийн шийдлүүд ашиглан боловсролын салбарын чанар болоод хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд “Smart Education” төслийг сүүлийн 4 жил тасралтгүй хэрэгжүүлж байна. Цар тахлын жилүүдэд сургуулиуд онлайн хөтөлбөрт шилжих үед сурагчдыг ухаалаг утсаар хангаж байсан бол сүүлийн хоёр жилд анги танхимуудыг ухаалаг төхөөрөмж, өндөр хурдны интернэт, зөөврийн компьютероор тоноглох ажлыг хийлээ. Одоогийн байдлаар нийт 14 сургуулийн 27 мянган сурагч уг хөтөлбөрийн үр шимийг хүртээд байна. Нийгмийн хариуцлага, Тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүд маань бидний хувьд нийгэмдээ үнэ цэн бүтээх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, цаашлаад тогтвортой, урт хугацаанд оршин тогтнох глобал зорилгод ажилтан бүрийн хувиар, компанийнхаа хувиар хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм.
Ярилцсан А.Амармэнд