UBLife Logo
Кино

Хүний наймаанд өртсөн хятад жүжигчин хэрхэн хулгайлагдсанаа ярилаа

Хүний наймаанд өртсөн хятад жүжигчин хэрхэн хулгайлагдсанаа ярилаа

Таиландад кино зураг авалтад оролцохоор явсан хятад жүжигчин Ван Син сураггүй алга болоод дараа нь Мьянмараас олдсон талаар бид мэдээлсэн. Тэрээр залилан буюу хүний наймаанд өртсөн байлаа. Ваныг нэгэн найруулагч таиланд киноны гол дүрд өндөр цалинтайгаар тоглохыг урьсан байна. Гэвч нэгэн газар хорьж, боолын хөдөлмөр эрхлүүлэх гэж байснаас азаар мултарч чадсан юм. Ван гэртээ харих замдаа хэрхэн олзлогдсоноо ярьжээ.

Ван Син Мьянмарын хил давснаа ч мэдээгүй байжээ. Зэвсэгтэй хүмүүс түүнийг өөр машинд суулгахад л огт өөр оронд ирснээ ойлгосон байна. Нэгэн барилгад оруултал тэнд маш олон хятад хүн мөн хулгайлагдаад ирсэн байжээ. Хажуугийн том байшинд маш олон гадаад хүн хоригдож байсан гэж тэр ярилаа. Хэрэгтнүүд түүнийг загнаж, зодон үсийг нь хусаж, ажлыг нь танилцуулсан байна.

Олон нийтийн сүлжээнд мессэж бичих залилангийн ажил. Олзлогдоод удаагүй тул Ваныг утсаар ярих гэсэн хүнд ажилд томилоогүй байна. Нутаг нэгтнүүдээ хуурахыг хүсээгүй ч аймшигтай байсан тул хийснийг нь хийгээд сууж байсан гэнэ. Азаар харин тэр гэмтэж, бэртсэнгүй.

Ван Синийг хил давуулсан машины жолоочийн хэн болохыг цагдаа нар тогтоож, хүний наймааны сүлжээг шалгаж эхлээд байна. Энэ хэргийн дараа Хятадын жүжигчдийн холбооноос нийт жүжигчдэд хандан, гадаадаас ирсэн ажлын саналыг маш сайн хянаж шалгах, эргэлзээтэй урилгаар гадаад оронд очихгүй байхыг уриалсан байна.

Хятадын жүжигчин Фань Ху өнгөрсөн оны сүүлээр яг ийм хэлбэрээр хулгайлагдах шахсанаа хуваалцжээ. 12 дугаар сарын сүүлээр Таиландын нэгэн студи холбоо барьж, киноны дүрд шалгуулах санал тавьсан байна. Онлайн шалгалтыг амжилттай давсны дараа бусад жүжигчдийн хамт Таиланд явсан байна. Бангкокт тэднийг нэгэн хүн тосож аваад зураг авалтын газар биш шууд зочид буудалд нь хүргэжээ. Дараа нь жүжигчдийг өөр өөр машинл тараан суулгаад зураг авалтад явах гэхэд нь Фань Ху сэжиг авсан байна.

Фань Ху

Зочид буудлын өрөөндөө ороод баримт бичиг дээрх найруулагчтай холбоо барихад найруулагч ямар ч киноны зураг аваагүй гэдгээ хэлжээ. Мөн гадаадаас жүжигчин уриагүй гэсэн байна. Тэд зугаалж, хоолонд орно гэж буудлаасаа гараад шууд нисэх буудал орж, Бээжин харьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.