Өнөөдөр НБА -ын 2025 оны "Бүх оддын" тоглолтын гарааны тоглогчдын нэрсийг НБА-аас зарлалаа. "Голден стэйт уорриорз" багийн хамгаалагч Стефен Көрри "NBA All star game"-д 11 дэх удаагаа тоглохдоо 10 удаа гарааны тоглогчоор нэрлэгдлээ.
Мөн тэрбээр "Бүх оддын" тоглолтод хамгийн олон удаа оролцсон "дайчин", одоо тоглож буй НБА-ийн тоглогчдоос нэг багаас хамгийн олон удаа "Бүх оддын" тоглолтод оролцсон сагсчин болж байна.
Эдүгээ 36 настай, НБА-ийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн MVP (хамгийн үнэ цэнэтэй буюу шилдгийн шилдэг тоглогч), 2022 оны "Бүх оддын" тоглолтын MVP Стеф энэ улиралд 22.6 оноо, 6.3 дамжуулалт, 4.9 самбар дунджилж байгаа бөгөөд 151 удаа 3 онооны шидэлтээ амжилттай болгож (НБА-д дөрөвт), чөлөөт шидэлтээ 94 хувь гүйцэтгэн НБА-г манлайлж байгаа билээ.
NBA 2025 All Star game буюу НБА -ийн 74 дэх удаагийн "Бүх Оддын" тоглолт ирэх хоёрдугаар сарын 14-16-нд Сан Франциско хотын "Chase center" ("Голден стэйт уорриорз"-ийн "гэр") -т болох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин