Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг Үндэсний шигшээ багийн тамирчдад спортын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр 2020 онд байгуулжээ. Тус төвийн судлаачид 2022 оноос өсвөрийн тамирчид буюу өсвөр насныхны биеийн ерөнхий хөгжил, булчингийн ажиллах чадварыг тодорхойлох зорилгоор шинжлэх ухааны сүүлийн үеийн тоног төхөөрөмжид суурилсан сорил, тестүүдийг авч, үр дүнг цуглуулж байгаа ажээ. Өдгөө тэд 13 аймгийн 874 хүүхдээс суурь судалгааны дата мэдээллийг түүврийн аргаар цуглуулаад байгаа юм.
Бусад найман аймаг болон нийслэлийн есөн дүүргийн хүүхдүүдээс сорил тест авсныхаа дараа улсын хэмжээний дүгнэлтийг гаргахаар зэхэж байгаа ажээ. Одоогийн байдлаар цуглуулаад буй дата мэдээлэлд тулгуурлан 10-18 насныхны биеийн ерөнхий хөгжлийн талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж байгаа учир энэ талаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ганзоригтой ярилцлаа.
-10-18 насны 874 тамирчныг хамруулсан биеийн ерөнхий хөгжил, ажиллах чадварыг тодорхойлох судалгаанаас та бүхнийг гайхшируулсан үр дүн анзаарагдав уу?
-Өсвөр насны хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжил гэдэг эрүүл иргэдийг бэлтгэх суурь түвшин байдаг. Одоогоор цуглуулаад буй 874 хүүхдийн сорилын үр дүнг дүгнэхэд 10-19 насныхны дундаж өндөр 166.9 см, дундаж жин 60.3 кг байна. Эдгээр хүүхдүүдийн 78.6 хувь нь хэвийн жинтэй, 10.1 хувь нь жингийн дутагдалтай, 11.3 хувь нь илүүдэл жинтэй байлаа. Хэдийгээр эдгээр хүүхдүүд биеийн тамираар идэвхтэй хичээллэдэг ч тэдний 98 нь таргалалттай байгаа юм. Эндээс харвал амьдралын хэв маяг, гар утасны хэт их хэрэглээнээс үүдэж хөдөлгөөний дутагдалтай хүүхэд олширч байгааг байна. Нийт сорил өгсөн хүүхдүүдийн 15 хувь нь эрдсийн дутагдалтай, 17.1 хувь нь булчингийн масс сул байгаа нь биеийн тамирын хичээлээр дамжуулан өгөх бие бялдрын ерөнхий хөгжил хангалтгүй байгааг илтгэж буй хэрэг.
Биеийн тамирын хичээлийн хамгийн чухал зорилго бол тухайн хүүхдийн насны онцлог, физиологийн хөгжилд тохирсон байдлаар хурд, хүч, уян хатан, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа гэсэн таван үндсэн чадваруудыг эзэмшүүлэхэд байдаг. Биеийн тамирын хичээл урьд өмнө нь хөнгөн атлетик суурьтай байсан бол өдгөө спорт тоглоомын төрлөөр дагнах хандлага илүү байна. Өөрөөр хэлбэл биеийн тамирын багш нар хүүхдүүдээ ерөнхий суурь халаалт хийлгээд, шууд бөмбөг тоглуулчихдаг байдал түгээмэл. Үүнээс болж хүүхдийн уян хатан, тэсвэр, хурд, хүч, авхаалж самбаа гэсэн үндсэн чадварууд өсвөр насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн цонх үедээ бүрэн хөгждөггүй. Гэтэл хөнгөн атлетикийн хувьд бусад бүх спортын суурь болохын зэрэгцээ хүүхдүүдийг олноор нь хамруулахад илүү хүртээмжтэй, өсвөр насны хүүхдийн бие бялдрын хөгжилд чухал нөлөөтэй спортын төрөл юм.
-Дээрх судалгаанаас үүдэж өсвөр насныхны биеийн ерөнхий хөгжлийг өв тэгш төлөвшүүлэхийн тулд бид нийтлэгээр юуг анхаарах нь чухал байна?
-Судалгааны явцад хамгийн түгээмэл анзаарагдаж байгаа зүйл гэвэл хүүхдүүд амны хөндийн үрэвсэлт өвчлөл ихтэй байна. Амны хөндий нь хоол боловсруулах хамгийн эхний үе шат учир энэ үрэвсэл дотоод эрхтнүүдийг ч мөн гэмтээдэг. Хоёрдугаарт, хүүхдүүдийн усны хэрэглээ маш бага төдийгүй нойр дутуугаас үүдэн мэдрэлийн ядаргаанд орсон, стрессийн түвшин өндөртэй хүүхэд олон байгаа нь ажиглагдаж байна. Сэтгэл зүйн тестээр шалгахад шалтгаан нь өнөөх л гар утасны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Түүнчлэн ЕБС-иудын биеийн тамирын хичээлийн цагийг нэмэгдүүлэх, агуулгыг өөрчлөх шаардлага байгаа нь анзаарагддаг.
-Сорилд хамрагдсан хүүхдүүдийн биеийн ерөнхий хөгжлийн тухайд?
-Сорилд хамрагдсан 874 хүүхдийн 13.5 хувийнх нь биеийн ерөнхий хөгжил сул байна. Булчингийн ажиллах чадвар, гүйцэтгэлийг хэмждэг Вингейт тестэд суурилсан төхөөрөмжөөр шалгаад үзэхээр хүүхдүүдийн дээд бүслүүрийн булчингийн гүйцэтгэл нь олон улсын дунджаас 20-30 хувиар доогуур, доод бүслүүрийн булчин нь олон улсын дундаж хэмжээний 50-60 хувьд л хүрч байгаа юм. Тэгэхлээр өсвөр насныхны бие бялдрын ерөнхий хөгжилд анхаарах зайлшгүй шаардлага байгааг энэ сорилын дүн тодорхой харуулж байна.
-Танай төвийн зүгээс судалгааныхаа датаг баяжуулах, үр дүнг баталгаажуулахын тулд цаашид ямар ажлуудыг явуулахаар зэхэж байна вэ?
-Биеийн тамир, спортын улсын хороо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв хамтран 2024 онд хоёр аймаг, хоёр дүүрэгт Иргэдийн бие бялдрын түвшин тогтоох орчин үеийн тоног төхөөрөмжтэй төвийг байгууллаа. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт энэ төвийг бий болгоно. Үүнд тулгуурлаад иргэдийн бие бялдрын түвшинг тогтоох, нэгдсэн дата сан бүрдүүлэх, сорилд хамрагдсан хүмүүст амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлогт нь тохирсон зөвлөгөө, зөвлөмж өгөх байдлаар эрүүл, өв тэгш бие бялдартай болоход нь туслах улмаар биеийн тамир, спортоор дамжуулан нийт хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Улсын хэмжээнд дэргэдээ спортын шинжлэх ухааны лаборатори бүхий бие бялдрын түвшин тогтоох 30 сорилын төв бүрэн ажиллаж эхэлснээр иргэд маань жилдээ 4-6 удаа дээрх сорилд хамрагдан бие бялдрын ерөнхий хөгжлийн түвшингээ хянах, мэргэжилтнүүдээс спортын шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, зөвлөмжийг авах боломжтой болох юм.