UBLife Logo
Спорт

Чөлөөтийн УАШТ-д С.Цэрэнчимэд долоо дахиа, М.Лхагвагэрэл зургаа дахиа түрүүллээ

Чөлөөтийн УАШТ-д С.Цэрэнчимэд долоо дахиа, М.Лхагвагэрэл зургаа дахиа түрүүллээ

Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдээр явагдаж өндөрлөлөө. Эл тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн тамирчид Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.


Эмэгтэйчүүдийн 50 кг-д насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медальтай Б.Мөнхнар өнөө жил анх удаа түрүүллээ.

М.Мөнхгэрэлийн хувьд өнгөрсөн жил Б.Мөнхнарыг ялан аваргалсан бол өнөө жил хожигдон мөнгө дээр бууж байна.

U-23 насны Азийн АШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байв.

Нөгөө хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.


53 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай Ч.Отгонтуяа түрүүлж, Азийн АШТ-ий үзүүр бөх Ц.Намуунцэцэг үзүүрлэлээ. Хүрэл медалийг 20 хүртэлх насныхны ДАШТ-ий үзүүр бөх Бямбасүрэнгийн Халиун гардав.


55 кг-д U23 насны Азийн хошой аварга Б.Отгонтуяа түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан бол энэ тэмцээний анхны түрүүгээ авсан нь энэ.

Эл жинд “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий иж медальтан, Монгол улсын хошой аварга М.Дөлгөөн үзүүрлэсэн бол хүрэл медалийг Баянхонгор аймгийн тамирчин, U20 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Буман-Аюуш гардлаа.


57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Тэрбээр сүүлийн гурван жилд дараалан түрүүлсэн юм.

Б.Энхтүвшингийн хувьд улсын аваргаас мөнгө, хүрэл медаль нэжгээдийг аваад байсан бол энэ жил 57 кг-д үзүүрлэлээ.

Хүрэл медалийг насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож буй 18 настай тамирчин Ү.Мөнхчимэг хүртсэн.

Тэрбээр өсвөрийн УАШТ-ээс 3 алт, залуучуудын УАШТ-ээс 1 мөнгө, U-15 насны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн өсөж яваа шилдэг залуу тамирчин юм.

Нөгөө хүрэл медалийг U-20, U-23 насныхны улсын аварга М.Рэнцэнханд хүртлээ. Тэрбээр өмнө нь насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг хүрэл медаль аваад байв.


59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм.

Т.Алтжин финалд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 4:1-ээр хожсон.

Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан.

Өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын 3 алтан медальт тэрбээр сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байна.

Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авлаа. Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл, U-23 насны улсын аваргын алтан медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа хүртсэн юм.


Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн гол анхаарал 62 кг-ын жинд түүртэлгүй финалдсан “Алдар”-ын хоёр гавьяатын барилдаанд төвлөрч байлаа.

Өнгөрсөн жил тэд Буянт-Ухааг шуугилж, эцсийн хоромд шийдэгдсэн барилдааны ялагчаар П.Орхон тодорсон.

Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа.

Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй (16:15) шийдэгдэж, С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ дархлав.

Энэ наадмын үзүүр бөхөөр дэлхийн аварга П.Орхон тодорсон бол “Баянгол Аваргууд” академийн тамирчин Эрдэнэбилэгийн Саруул өрсөлдөгч бөхөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүлээ.


Азийн АШТ-ий мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ.

Эл жинд U23 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Одгэрэл үзүүрлэв. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байгаа нь энэ.

Хүрэл медалийг БГД Аваргууд академийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.


68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа түрүүллээ. Түүний хувьд Монгол улсын аваргаар гурав дахиа тодорсон нь энэ.

Харин “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин, U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ганцэцэг Насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахиа үзүүрлэв.

Налайх дүүргийн тамирчин, U23 насны УАШТ-ий алт, мөнгөн медальт А.Даваажаргал Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа гардлаа.


72 кг-д Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм.

Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай боллоо.

Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна. Түүний медалийн цуглуулгад 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль бий.


ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан 76 кг-д нэг ч оноо алдалгүй, бүх барилдаандаа цэвэр ялж түрүүлэв. Тэрбээр УАШТ-д дөрөв дэх түрүүгээ тунхагласан нь энэ.

Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин Г.Уртнасан мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр УАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна.

Залуу тамирчин О.Цэлмүүн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан нь хүрэл медаль болов.


Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны тэртээ 1980 онд олимпын наадмаас хүрэл медаль авчирч байсан 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ хоёр дахь жилээ дараалан Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэв. Харин 23 хүртэлх насныхны Улсын аварга С.Жигүүр энэ жид үзүүрлэсэн.

23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий хүрэл медальт М.Даваабанди эл жингийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүлээ. Харин энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Баянгол Аваргууд” академийн тамирчин Л.Мөнх-Од гардсан юм.


61 кг-ий үзүүр, түрүүнд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх, ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар шалгарав.

Өнгөрсөн оны УАШТ-ий үеэр Т.Түвшинтулга жин өгсөж, 65 кг-д хүч сорьсон бол харин З.Занабазар жин хасаж 57 кг-д зодоглож байлаа.

Улмаар Т.Түвшинтулга хүрэл медаль зүүсэн бол З.Занабазар үзүүрлэсэн юм. Тэгвэл тэдний үндсэн жиндээ түрүү булаалдсан барилдааны ялагчаар Т.Түвшинтулга тодорлоо. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр түрүүтэй З.Занабазар сүүлийн хоёр жил дараалж үзүүрлэсэн нь энэ.

Харин “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, “Аврагч” спорт хорооны бөх Э.Энхболд нар хоёул өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эздээр тодорлоо.


65 кг-д дэлхийн аваргын отгон медальт Ц.Цогбадрах итгэл төгс түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд “Аваргууд” академийн Д.Төрбаярыг цэвэр дарсан.

Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь энэ.

Харин 2022 оны МБАТС-ын хүрэл медальт Д.Төрбаяр улсын аваргад анх удаа финалдаж, анхны мөнгөн медалиа хүртлээ.

Залуу тамирчин Б.Зэнээмэдэр, Б.Гантулга нар насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан байна.


ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.

Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув.

Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.


74 кг-ын жинд “Дархан Хасу Fohow” клубийн бөхчүүд болох Б.Батбаяр, Э.Төгсжаргал нар үзүүр, түрүүнд шалгарлаа. Б.Батбаярын хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ий 74 кг-д хоёр жил дараалан финалдаж, энэ удаад анхны түрүүгээ хүртэв.

Харин өсвөр үе болон залуучуудын УАШТ-ий тус бүр гурван түрүүтэй Э.Төгсжаргал өнгөрсөн оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 70 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн бол энэ удаа 74 кг-д үзүүрлэлээ.

Хүрэл медалийг “Тэх Мөнх” клубийн бөх М.Толуй, “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Дэлэг нар гардав.


79 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, Армийн дэлхийн аварга О.Сүлдхүү сүүлийн дөрвөн жилд дараалан түрүүлэв.

Мөнгөн медалийг улсын аваргад анх удаа оролцож буй 17 настай тамирчин Ж.Далайцэрэн хүртэв. Тэрбээр өмнө нь U-15 насны УАШТ-д түрүүлж, U-17 наснаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан шилдэг залуу тамирчин юм.

Хоёр хүрэл медалийг улсын аваргад анх удаа орж буй залуу тамирчид болох Я.Ерөөлт, С.Бямбабаяр нар хүртсэн.


86 кг-ын жинд U20 болон U23 насны Азийн аварга Н.Батбилгүүн түрүүлж, Насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов. Тэрбээр эл жинд хоёр жил дараалан финалдаж, өнөө жил анхны түрүүгээ хүртсэн нь энэ.

Харин Баянхонгор аймгийн бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Бямбадорж өнгөрсөн оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байсан бол өнөө жил жин өгсөж барилдаад үзүүрлэлээ.

Б.Бямбадорж, Г.Даянбилэг нар УАШТ-ээс зургаа дахь медалиа гардсан юм. Б.Бямбадоржийн хувьд УАШТ-ий хошой түрүүтэй бөх бол Г.Даянбилэг нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.


92 кг-ын жинд ДАШТ-ий VII байрын шагналт ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүллээ. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс тав дахь алтан медалиа авсан нь энэ.

Эл жинд “Алдар” спорт хорооны бөх, U23 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Т.Дэмчигдорж үзүүрлэв. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүж байна.

Хүрэл медалийг New Gen Team Спортын Төв сургуулийн тамирчин Д.Дэлгэрдалай, М.Баяржавхлан нар гардлаа. Тэд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм.


97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг итгэл төгс түрүүллээ. Тэрбээр хоёрын даваанд Н.Шинэтөртэй хүндхэн барилдаан хийж, 5:4-өөр ялсан. Харин бусад бүх барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан юм.

Түүний хувьд насанд хүрэгчдийн улсын аваргын тав дахь алтан медалиа өөрийн болгож байна.

Мөнгөн медалийг Ө.Шийрэв гардлаа. Залуучуудын УАШТ-ий 1 алт, 2 хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа авсан нь энэ.

Зэвсэгт хүчний 341-р ангийн тамирчин Н.Шинэтөр улсын аваргын гурав дахь хүрэл медалиа өөрийн болгосон. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгөн медаль хүртэж байв.

Нөгөө хүрэл медалийг “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Оргилох хүртэж, улсын аваргын 4 дэх хүрэл медалиа авлаа. Тэрбээр үүнээс гадна нэг мөнгөн медалийг улсын аваргын дэвжээнээс авч байсан билээ.


Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-д зургаа дахиа түрүүлж байна.

УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд үзүүрлэлээ.

Азийн АШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо.

Харин Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.