Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам 12 хоногийн дараа БНХАУ-ын Харбин хотноо нээлтээ хийнэ. Уг наадамд Монгол Улсаас 4 спортын 7 төрөлд 36 тамирчин өрсөлдөх юм.
29 жилийн дараа Харбин хотноо дахин зохион байгуулагдаж буй Азийн өвлийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 19 гишүүн сурвалжлан ажиллах юм. Энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар баг хамт олны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэд Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилт жигд сайн байгааг онцолж наадам болох БНХАУ-ын Харбин хот болоод тэмцээн уралдааны хуваарийг танилцуулав. Мөн Монголын баг тамирчдын амжилт, өвлийн наадмыг нийгэмд сурталчлан таниулах үйлсэд онцгой анхаарч нэгдсэн ажиллахыг хүсэв.
Ташрамд сонирхуулахад, Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын ахлагчаар Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллах бол орлогч ахлагчаар МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар ажиллах юм.