Мэргэжлийн сүмо бөхөд ёкозүна цолтны дохёнд гарах ёслолыг хоёр хэлбэрээр хийдэг. Үнрюү болон ширанүй гэх бөгөөд эхнийх нь их аварга Асашёорюү, хоёр дахь нь их аварга Хакүхогийн барил билээ.
Өнөөдөр ёкозүна цолоо албан ёсоор хүлээн авсан 74 дэх ёкозүна Хоошёорюү авга ахынхаа үнрюү стилийг сонгосныг түүний багш Тацүнами ояката сэтгүүлч нарт мэдээллээ. Тацүнами ояката бол барилдаж байх үедээ Ошима дэвжээний комүсүби байсан Асахиютака. Манай анхны сүмочдыг хүлээн авч, хүмүүжүүлж байсан хүн.
Тацүнами ояката “Хоошёорюүг би 31 түрүүлсэн Чиёонофүжи, 25 түрүүлсэн Асашёорюү нарын хоёр их аварга болох шиг хүсэж, хичээж зүтгээсэй гэж бодож байгаа. Бие хааны хувьд Чиёонофүжитэй тун төстэй, хурдтай. Урд мавашины барьц аваад толгой тулган, түлхэх барилдааныг нь сураасай. Бужигнаж байгаад сүүлийн мөчид ялах биш ийм барьц авахад хэзээ ч ялагдахгүй гэсэн өөрийн тодорхой хэлбэртэй болох нь чухал. За, авга ах Асашёорюүтэй бол эртнээс хүн болгон адилхан байна, царай төстэй гэж харьцуулдаг байсан. Авга ахынхаа 25 түрүүг давж чадах эсэхийг нь тааж хэлж мэдэхгүй ч дөхөж очно гэдэгт итгэлтэй байна. Энэ хоёр их аваргатай ижилхэн үнрюү стилиэр ёслолоо хийнэ. Ижилхэн Дэваноүми галын үнрюү хэлбэрээр ёслолоо хийдэг байсан ёкозүна Мүсашимарү маргааш буюу 30-нд ирж, хичээл заана” гэж ярьсан юм.
Асашёорюү ёкозүна цол хүртээд мөн Хавайн арлын ёкозүна Акэбоногооор ёслолоо заалгаж байсан билээ.