Казахтсаны “дархлагдсан хулгайч” Дикий Арман гэгч этгээдийг спортын ертөнц сайн мэднэ. 2021 онд Сербид болсон боксын ДАШТ-ий үеэр медаль хүртсэн казах тамирчдад ам.доллар бэлнээр тараан, шагнаж байсан бичлэг нь нэг хэсэг цахим ертөнцөд шуугиан тарьсан.
Арман бол цагтаа боксчин байсан ч буруу замд халтирч, шоронд сууж байсан юм. Лоту Гули гэх мэт гэмт хэргийн хаадтай үй зайгүй нөхөрлөж байсан түүнд “Дархлагдсан хулгайч” хэргэм өгөх гэхэд “Казахт хулгайч байдаггүй, баатар л байдаг” гээд татгалзаж байсан түүхтэй. 2010 онд Арман Киргизийн мисстэй гэрлэж, дараа нь Туркт амьдардаг болсон. Тэнд жинхэнэ инстаграм од болж, 290 мянган дагагчтай болж байлаа.
Түүний дараагийн Од болсон үе нь ковид, цар тахлын үе байв. Тэр Туркаас Казахстанд их хэмжээний вакцин, эм, амны хаалт илгээн, үнэ төлбөргүй туслаж байлаа.
Ингээд 2021 оны 12 дугаар сард тэр Казахстанд ирсэн байна. Хэдхэн хоногийн дараа Казахстанд үймээн, бослого гарсан бөгөөд Арман жагсаалд оролцон, ард түмнийг тайван амгалан байхад уриалж байв.
Түүнийг Казахстаны Дотоодыг хамгаалах албанаас ард түмний бослогыг даруулахаар урьж авчирсан гэдэг яриа бий. Гэвч засаг солигдож, шинэ дарга нар гарч ирээд Арманыг болон үймээнд оролцсон олон хүнийг баривчилсан. 2022 оны нэгдүгээр сард Ritz Carlton зочид буудалд баривчлагдсан тэрээр мөрдөнд 3 жил суусан. Ингээд энэ жилийн нэгдүгээр сарын 27-нд түүнд ард олныг үймээнд турхирсан, гэмт бүлэглэл үүсгэн байгуулсан, бослогын үеэр хүн хулгайлсан, эрүүдэн шүүсэн гэсэн ял тулган, 20 жилийн ял оноогоод байсан юм. Шүүх хурлын дараа түүнийг болон бүлгийнх нь бусад гишүүдийг давж заалдах бололцоо олголгүй шууд хорих газруудад хувиаралсан байв.
Ингээд өнөөдөр Казахстаны хэвлэлээр “Дикий Арман амиа хорлох гэж оролджээ”, “Арманыг алах гэж оролджээ” гэсэн мэдээллүүд гарч эхэлсэн. Өмгөөлөгч нь энэ талаар “Манай үйлчлүүлэгчийг алах гэж оролдсон. Биеийн байдал нь маш хүнд байна” гэсэн бол Казахстаны ДХЯ-наас “Хэрэгтэн өөртөө жижиг гэмтэл учруулсан. Эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн. Сэтгэл зүйч түүнтэй ажиллаж байна” гэж мэдээллээ.