АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглосон тушаал гаргалаа. Цагаан Ордонд эмэгтэй тамирчидтай уулзаж байх үеэрээ энэхүү тушаалд гарын үсэг зурсан Трамп “Одооноос эхлэн эмэгтэйчүүдийн спорт зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилнэ. Энэ тушаалаар эмэгтэйчүүдийн спортод гараад байсан дайн төгслөө” гэж хэлсэн байна.
“Сүүлийн жилүүдэд маш олон спорт холбоод эрчүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулдаг болсон. Энэ бол маш шударга бус зүйл, доромжлол юм. Эмэгтэйчүүд, охидыг уралдаан тэмцээнд оролцож, үнэн хүчээр өрсөлдөх боломжийг нь хаасан, тэдний эрүүл мэндэд аюул учруулсан зүйл байлаа” гэж түүний тушаалд бичсэн байв.
Ингэснээр АНУ трансжендер тамирчдад виза олгохгүй болж байгаа юм. Одоогоор энэ тушаал дунд сургууль, их дээд, сургууль, сонирхогчдын спортод хүчин төгөлдөр үйлчлэх ч Дональд Трамп 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд трансжендер тамирчдыг оролцуулахгүй байхыг ОУОХ-ноос албадан шаардана гэдгээ онцолжээ.
Тангараг өргөх ёслолынхоо үеэр ч Трамп АНУ-ын улс төрийн бодлого эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрнө гэдгээ зарлаж байсан билээ.
Тушаалаа гаргахаас өмнө Трамп “Эрэгтэй боксчин эмэгтэйчүүдээс алтан медалийг нь булаан авсан өнгөрсөн жилийн Парисын олимпыг хэн ч мартахгүй. Аваргын төлөө тулаанд эмэгтэй боксчин эр хүний хатуу ширүүн тулаанд ялагдаад 48 секундэд бууж өгөхөөс өөр аргагүй болж байлаа” гэж тэмдэглэжээ.
Харин 2024 оны Парисын олимпын өмнө ОУОХ-ноос дээрх хоёр тамирчныг хүйсээ солиулаагүй, төрөлхийн эмэгтэй гэдгийг баталж байсан билээ.