UBLife Logo
Дэлхий

Эргэн санахад: Лондон хотыг бүрхсэн аймшигт утаа

Эргэн санахад: Лондон хотыг бүрхсэн аймшигт утаа

1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд Английн түүхэн дэх хамгийн аймшигт экологийн сүйрэл болсон юм.

“Агуу утаа” (Great Smog) хэмээн нэрлэгдсэн энэхүү утаа бүтэн дөрвөн өдөр Лондон хотыг нөмөрч, 9-ний өдөр л арилжээ. Энэ утааны хор уршгаар 12 мянган хүн амиа алдаж, 100 мянган хүн өвчин эмгэг туссан гэхээр хэр том аюул болсон нь ойлгомжтой. Энэ өдөр орчин үеийн экологийн хөдөлгөөний үүсэл болсон гэж үздэг. Ингээд тэр өдөр чухам юу болсныг эргэн санацгаая.

1952 оны арванхоёрдугаар сарын эхээр Лондон хот хүйтэн мананд хучигджээ. Маш хүйтэн байсан тул иргэд их хэмжээний нүүрс түлэн, дулаацаж эхлэв. Яг энэ үед хотын трамвайг дизель автобусаар солих ажил өндөрлөжээ. Хүйтэн агаарт нүүрс, дизель түлшний утаа хуримтлагдаж, хэдхэн хоногийн дотор хүний амь насыг хөнөөхөд хангалттай болсон байлаа.

Орон сууцанд ч утаа нэвтрэн орж байсан тул концерт, кино театруудыг хаалаа. Хэт утаатай тул үзэгчид тайзыг харахгүй байв. Машины хөдөлгөөнийг зогсоохгүй бол урд байгаа машин харагдахгүй өтгөн утаа байсан гэдэг. Баасан гараг гэхэд үзэгдэх орчин тавхан метр болсон тул гэрээсээ гарсан хүн буцах замаа олж чадахгүй боллоо. Хүмүүс байшингийн хана тулан явж байв.

Лондон хот байнга манантай байдаг тул эхлээд хотын иргэд тоосонгүй. Гэвч Эрүүл мэндийн байгууллагаас Лондонд сүүлийн хэдэн өдөр хүүхэд, өндөр настан, эмнэлгийн өвчтөн гэсэн дөрвөн мянга гаруй хүн нас барлаа гэж мэдэгдсэнээр түгшүүр зарлажээ. Сүүлийн хэдэн өдөр нь нэмж найман мянган хүн нас барснаар энэ аймшигт утааны хохирогч нь 12 мянган хүн болсон юм.

Лондон хотод тэр үеэр авс, гашуудлын цэцэг дуусаж, түргэн тусламжийн машин түгжрэлийн улмаас өвчтөн дээр очиж чадахгүй байв. Хүмүүс газар дээрээ үхэж байлаа.

Энэ өдрөөс эхлэн Англид агаар дахь хорт утааны хэмжээг тогтоох шинэ журам баталж, 1956 онд “Цэвэр агаарын тухай хууль” боловсруулан баталжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.