Хоёрдугаар сарын 15-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болохоор товлогджээ.
Энэ нь Сар шинийн баярыг угтсан цуврал барилдаанаас өмнө Бөхийн өргөөнөө явагдах сүүлчийн наадаан юм.
Эл наадмын түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнах бол үзүүр бөх 5 сая, Их шөвөг шалгарсан бөхчүүд 2 сая төгрөгийн бай гардах учиртай.
Сонирхуулахад, одоогоор бөхчүүдийн чансааг улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон тэргүүлж байна. Тэрбээр Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлснээс гадна намрын нээлтийн барилдаанд үзүүрлэж, мөн чансаа өндөр наадмын Их шөвөгт хоёр удаа шалгараад байгаа юм.
