Алдарт одод гадаад дотоодын арга хэмжээнд оролцохоор нисэх буудалд хүрээд ирэхэд фэнүүд нь хүлээж байх тохиолдол их. Том наадам, тоглолт гэх зэрэг ажлын тохиолдолд харьяа агентлагаас заримаа мэдээлдэг ч хувийн аялал хийхдээ одод хэнд ч мэдэгдэлгүй явахыг хүсдэг. Гэтэл яагаад ч юм нисэх буудал дээр хүлээж байх, даварсан нэг нь ижил онгоцны тасалбар авчихсан байх жишээтэй. Сөүлийн Цагдаагийн газраас удаан мөрдөн шалгасны эцэст Хонконгийн А хэмээх нисэх компанийн ажилтныг хувийн мэдээлэл задалсан, зарж борлуулсан хэргээр өчигдөр /2025.02.24/ баривчилжээ. Хэрэгтэн этгээд олон арван алдартны нисэх рейс, онгоцны дугаар, суудлыг тагнан мэдэж, зардаг байсан дотор BTS хамтлаг хүртэл байжээ. Тэрээр албаны программ ашиглан, оддын төрсөн өдөр, жинхэнэ нэрийг оруулж, суух онгоцыг нь олдог байсан гэнэ. Нийт 1000 гаруй мэдээлэл зарж, 10 сая воны ашиг олсон гэж мэдүүлснийг шалгаж байна.
Цагдаагийн байцаалтад хэрэгтэн “Эхлээд нэг танилынхаа гуйлтаар мэдээлэл олж өгсөн. Дараа нь харин мөнгө болохыг нь мэдээд зарж эхэлсэн” гэж мэдүүлжээ.