UBLife Logo
Спорт

"Алтан мужийн дайчид" Андре Игудалагийн дугаарыг дархлав

"Алтан мужийн дайчид" Андре Игудалагийн дугаарыг дархлав

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны буюу НБА-ийн "Голден стэйт уорриорз" - "Даллас маверикс" багуудын тоглолтын дараа сүүлийн арванд НБА-г эзэгнэсэн (зургаан финал, дөрвөн түрүү) "Алтан мужийн дайчид" багийн бүрэлдэхүүнд 2013-2019, 2021-2023 онд тоглож байсан Андре Игудалагийн "9" дугаарыг мөнхөллөө. Ахиж Андрегийн "9" дугаарыг зүүх "дайчин" үеийн үед гарахгүй гэсэн үг.

Эдүгээ 41 настай Андре Игудала НБА-д 19 жил алба хаагаад зодог тайлсан бөгөөд "Дайчид"-тай хамт 2015, 2017, 2018, 2022 онд НБА-ийн аварга болж, 2015 оны НБА-ийн финалын MVP (хамгийн үнэ цэнэтэй тоглогч) болж байсан билээ.

Сонирхолтой нь Игудала  аваргын төлөө цувралд нэг ч удаа гараанд гараагүй боловч MVP авсан НБА-ийн түүхэн дэх цорын ганц тоглогч. Мөн НБА-ийн түүхэнд 5000 гаруй тоглогч тоглосон байдаг ч эдний 1% ч хүрэхгүй буюу ердөө 42 тоглогч дөрөв болон түүнээс дээш удаа аварга цолыг хүртсэн байдгийн нэг нь Игудала юм.

Андре Игудала АНУ-ын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, 2010 онд дэлхийн,2012 онд Олимпын аварга болж байв.

НБА-ийн түүхэн дэх шилдэг хамгаалагчдын нэг, нэгийн эсрэг нэг хамгаалалтад эсрэг багийн шилдгүүдийг (хамгаалагч байвал биеэр илүүрхэнэ, довтлогчийг бол хурдаар давамгайлна) хамгаалахдаа гарамгай, эелдэг, хөгжилтэй зан, даруухан байдлаараа олны хайрыг татдаг Игудала ийнхүү дугаараа дархалсан найм дахь "дайчин" болж байна.

"Алтан мужийн дайчид" өмнө нь 6, 13,14,16,17,24,42 дугаарыг дархалсан байдаг билээ.

Андре Игудалагийн дугаарыг дархлах ёслолыг "Даллас"-ын эсрэг тоглолтод хийж буй нь мөн учиртай. Игудалатай хамтдаа аваргын 4 бөгж хамтдаа зүүж байсан "Их дөрвөл"-ийн  нэг , экс "дайчин" Клэй Томпсон эдүгээ "Даллас"-т зүтгэж буй юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.