UBLife Logo
Спорт

Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Ub.life
Ub.life
Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Йорданы Амман хотноо явагдаж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эхний өдөр таван жингийн медальтнууд тодорлоо.


Эмэгтэйчүүдийн:

50 кг-д зодоглосон Монгол улсын аварга Б.Мөнхнар эхний тойрогтоо Хятадын бөх, U20 насныхны дэлхийн аварга Юү Жанд цэвэр ялагдсан. Хятадын бөх финалдсан учир Б.Мөнхнар дагаж барилдаад Шри-Ланкагийн Хева Педиге, залуучуудын ДАШТ-ий үзүүр бөх Светлана Анкичева нарыг ялж хүрэл медаль атгалаа.

55 кг-д хүч сорьсон 23 хүртэлх насныхны Азийн хошой аварга Б.Отгонтуяа, Өмнөд Солонгосын И Хю Рим, Казахстаны Зульфия Яхарова нарыг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан юм.

Тэрбээр Хятадын 18 настай Ли Юухуанд унаж, Энэтхэгийн Нишу Нишуг давснаар мөн л хүрэл медаль зүүлээ.

68 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эхний даваанд гоц мөргөж, Өмнөд Солонгосын Ким Мин Жуг даралтаар цэвэр ялав.

Тэрбээр Хойд Солонгосын бөх, “Парис-2024” олимпын наадмын V байрт шалгарсан Пак Сол Гумд унасан агаад харин залуучуудын Азийн АШТ-ий хошой түрүүтэй, өнгөрсөн онд Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүсэн Гульнара Таштанбековаг давснаар Монголын баг, тамирчдын гурав дахь хүрэл медалийг гардлаа.


59 кг-д хүч сорьсон Монгол улсын аварга Т.Алтжин эхний тойрогт гоц мөргөж, 20 хүртэлх насныхны Азийн АШТ-ий үзүүр бөх Танчолпон Кибалбековаг 8:0-ээр буулгаж авсан.

Гэсэн хэдий ч хагас шигшээд U17 болон U20 насныхны дэлхийн аварга Сакүра Онишид, медалийн төлөөх барилдаанд U23 насныхны Азийн аварга, U17 насныхны ДАШТ-ий хүрэлтэй Мускан Мусканд оноогоор ялагдаж, V байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

76 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Даваанасан, U20 насныхны Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй Нодока Ямамототой оноо тэнцүү байсан ч, цагийн төгсгөлд гэнэ алдаж ялагдлаа. Японы бөх финалдаж чадаагүй учир Э.Даваанасан тэмцээнийг дуусгасан.

Сонирхуулахад, өнөөдөр эмэгтэйчүүдийн бусад таван жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодрох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.