Гуравдугаар сарын 30-ны өдөр Бөхийн өргөөнөө явагдсан Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ.
Улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосон эл наадмаас тэр заалны барилдааны 30 түрүүгээ гардсан юм.
Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа байдаг. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг. Ер нь Б.Бат-Өлзийг арслан цолонд хүрнэ, Улсын наадамд түрүүлнэ хэмээн итгэж хардаг хүн олон.
Сонирхуулахад, заан Б.Бат-Өлзий өнгөрсөн намар болсон Н.Батсуурийн дархан аварга цолны мялаалга наадамд мөн түрүүлсэн.
Увс аймгийн 100 жилийн ойд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв.
Их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.
