Гуравдугаар сарын 28-ны өдөр Бөхийн өргөөнд явагдсан сумын цолтой, залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх зодоглов.
Тэдний дотор дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц багтжээ. Тэрбээр сагсан бөмбөгөөр хичээллэж байсан агаад 3х3-ийн залуучуудын Үндэсний шигшээ багт ч дуудагдаад амжсан удаатай.
Мөн 2019, 2020, 2024 онуудын Үндэсний Их баяр наадамд зодоглож, 2020 онд нэг давсан билээ. Ө.Пэрэнлэйжамц өнөө жил 23 настай.
Өнөөдөр заалнаа анх удаа хүч сорьсон түүний хувьд зургаа давж шөвгөрөөд энэ наадмын түрүү бөх Увс аймгийн Түргэн сумын уугуул сумын заан Б.Цагаанбандид унасан.
Ө.Пэрэнлэйжамц энэхүү барилдааны үеэр “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг гардсан юм.
Тэрбээр 2020 онд жүдо бөхийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2023 онд Хонг Конгод явагдсан Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль авсан юм.
