UBLife Logo
Newsfeed

“Motion Mongolia” орчин үеийн бүжгийн олон улсын наадам энэ сард дөрөв дэхээ болно

“Motion Mongolia” орчин үеийн бүжгийн олон улсын наадам энэ сард дөрөв дэхээ болно

Motion Mongolia” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг дөрөвдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар зэхэж байна.

Монголын урлагийн зөвлөлөөс явуулдаг энэхүү наадам нь үүнээс өмнө 2018, 2020, 2024 онуудад амжилттай явагдсан юм.

Энэ удаагийн “Motion Mongolia” наадмын зорилго нь мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг орчин үеийн бүжгийн төрлөөр баяжуулах, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Наадмын хүрээнд И.Ф.Стравинский “Ариун хавар” балетыг, бүжиг дэглээч Б.Одбаяр Улаанбаатар театрын бүжигчидтэй хамтран орчин үеийн тавилтаар дэглэж, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, удирдаач Б.Эрхэмбаяр удирдана. Мөн ХБНГУ-ын бүжиг дэглээч Фабиан Конн “Тойрог зам” орчин үеийн бүжгийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын балетын жүжигчидтэй хамтарч дэглэн тавина. Энэхүү бүтээлүүд нь УДБЭТ, Улаанбаатар театрын урын санд хандивлагдаж, Монголын орчин үеийн бүжгийн урын санг баяжуулж байгаагаараа онцлог юм.

Дөрөв дэх удаагаа болж буй “Motion Mongolia” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг Монголын Урлагийн Зөвлөлийн санаачилгаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Нийслэлийн Улаанбаатар Театртай хамтран зохион байгуулахаас гадна Монгол Улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Монгол дах Гёте Институт, Ноён Уул Эрдэнэ ХХК, Төгөлдөр Сан, Монголын Балетын Хөтөлбөр, Нийслэлийн Соёл Урлагийн газар дэмжин ажиллаж байна.

Наадмын хөтөлбөрт мэргэжлийн бүжигчдэд зориулсан сургалт, мастер классууд багтсан агаад “ТОЙРОГ” наадмын нэгдсэн орчин үеийн бүжгэн тоглолтыг дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа олон нийтэд толилуулах юм.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 11-319015 дугаар, Motion Mongolia International Contemporary Festival фэйсбүүк хуудас болон marketing@artscouncil.mn хаягаар авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.