Энэ сарын 8-нд Бусан боомтод Монголын далбаатай хөлөг онгоц БНСУ-ын хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдлаа. Хөлгийн ахмад, Индонезийн иргэн А-г баривчилсан байна. Онгоцны багийн 7 гишүүн бүгд Индонезийн иргэд ажээ.
БНСУ-ын Тэнгисийн хамгаалалтын албанаас мэдээлснээр энэ жилийн хоёрдугаар сарын 9-нд үхэр, гахайн мах, гэдэс дотор 450 тонныг ачин, Бусанаас гарчээ. Очих газраа худлаа мэдүүлэн, далайд гарснаа Хойд Солонгосын Вонсан боомтод нэвтэрсэн байна. Хоёр Солонгосын хамтын ажиллагаа, худалдааны тухай хуульд зааснаар заавал БНСУ-ын засгийн газраас зөвшөөрөл авч байж, Хойд Солонгост очих шаардлагатай. Дараа нь хөлөг онгоц гуравдугаар сарын 5-нд шатахуун авахаар Бусанд дахин иржээ. Энэ үед хөлгийн ахмад задгай далайгаас ирсэн гэж бас худлаа мэдүүлсэн байна. Мөн хөлгийн AIS байршил тогтоогчийг Хойд Солонгос орох үедээ унтрааж байсан нь илэрчээ. Мөрдөн байцаалтад хөлгийн ахмад Хойд Солонгост мах зарах зорилготой нэвтэрсэн гэж мэдүүлсэн байна.