Олимпын аварга Акари Фүжинами хоёр жин ахин барилдсан ч мөн л өвдөг шороодсонгүй. Акари Токиод болсон U-23 Японы Цомын тэмцээнд 57 кг жинд барилдаж, түрүүллээ.
Энэ жил 21 настай тэрээр хоёр барилдаж, хоёуланд нь 10:0 оноогоор цэвэр ялжээ. Ийнхүү Акари Фүжинамигийн 2017 онд эхэлсэн дараалсан ялалтын тоо 141-д хүрлээ. Энэ тэмцээнд түрүүлснээр Акари аравдугаар сарын 20-26-нд Сербийн Нови-Садад болох U-23 ДАШТ-д оролцох эрх авч байгаа юм.
Тэмцээний дараа Акари “Бэлтгэл дээр би өөрөөсөө хүнд бөхчүүдтэй зөндөө барилддаг. Гэхдээ бэлтгэл, тэмцээний ялгаа өөр. Би энэ ялгааг мэдрэхийг хүссэн. Мэдээж 4 кг-ын ялгааг мэдэрлээ. Гэхдээ сүртэй том ялгаа алга. 53-д барилдаж байхад би тэмцээнээс сарын өмнө жин хасаж эхлэдэг байлаа. Харин одоо жин хасах шаардлага байхгүй, барилдааны бэлтгэлдээ л анхаарч чадаж байгаа” гэж омог бардам мэдэгджээ.

Хэрэв Акари 2028 оны олимпод 57 кг-д барилдахаар шийдвэл гол өрсөлдөгч нь нутаг нэгт Цүгүми Сакүра байх болно. 23 настай Цүгүми олимп, дэлхийн 3 удаагийн аварга бөгөөд энэ жингийн Хатан хаан нь.
Энэ хоёр од зургаадугаар сард болох Мэйжи цомын тэмцээний 57 кг-д нүүр тулан өрсөлдөж болох юм.