ОХУ-ын арми Украины цэргүүдийн мэдэлд хэдэн сар болсон Курск мужийг чөлөөлсний дараа ОХУ болон Хойд Солонгос улсууд албан ёсоор солонгос цэргүүд тус тулаанд оролцсоныг баталлаа. Юуны өмнө ОХУ-ын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов Курскийг бүрэн чөлөөлснөө Ерөнхийлөгч В.Путинд илтгэхдээ “Энэхүү тулаанд Хойд Солонгосын цэргүүд том үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдээлсэн. Дараа нь цахим сүлжээгээр Курскт байгаа солонгос цэргүүдийн гэрэл зураг гарч эхэлсэн билээ.

Оросын цэргийн сурвалжлагч Александр Коц Хойд Солонгосын цэргүүдийн талаар “Тэд маш сахилга баттай, зоригтой, тэвчээртэй, үүрэг даалгаврын төлөө амиа зориулахад бэлэн дайчид. Эхлээд тэднийг полигонд сургасан. Дараа нь бага багаар дасгасаар сүүлд нь тулаанд оруулсан. Украины талаас БНАСАУ-ын мөнгөн тэмдэгтийн зурагтай цаасан дээр ухуулах хуудас бичиж, тэднийг бууж өг гэж уриалж байсан. Гэвч нэг ч солонгос цэрэг тангаргаа зөрчөөгүй. Тэдний ачаар бид фронтын өөр хэсгээс цэрэг таталгүй Курскийг чөлөөлж чадлаа” гэж магтсан байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Курскт байлдсан цэргүүдээ “Тэд шударга ёсны төлөө ариун дайнд оролцсон. Тэд баатрууд” гэж үнэлсэн. Мөн удахгүй нийслэл Пхеньян хотод ах дүү Оросын ард түмэнд тусалсан дайчдад зориулсан хөшөө босгоно гэж мэдэгдлээ.