UBLife Logo
Спорт

Зураг бүхэн түүхтэй

Зураг бүхэн түүхтэй

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн спортын нэгэн аугаа дасгалжуулагч Бела Кароли 82 настайдаа тэнгэрт дэвшсэн тухай дуулж, түүний тухай товч мэдээ бичихээр "хар авдраа" ухаж, хамаг "хогшлоо" онгичиж байгаад үнэхээр ховор бөгөөд тун чиг үнэтэй, машид дурсамжтай нэгэн зураг олсноо та бүхэнд толилуулж байна.

Эхлээд спортын гимнастикийн домогт дасгалжуулагч Бела Каролид хүндэтгэл үзүүлэн түүний тухай хамгийн товчоор өгүүлье. Бела Кароли 1942 онд Румынд төрсөн, бага залуугаасаа спортоор хичээллэж, 18 настайдаа бокс, дүүгүүрээр улсынхаа аварга болж байж. Дараа нь Биеийн тамирын их сургуулийг багш, дасгалжуулагчаар төгссөн байна, Бела. Харин 1963 онд гимнастикч Марта Эросстой гэрлэснээр хувь заяагаа спортын гимнастиктай мөнхөд холбожээ. Залуу хосууд гимнастикийн сургууль нээж, өөрсдөө багшилж, удалгүй шавь нар нь амжилтаар "булж", Бела болон Марта Кароли Румыний шигшээ багийн дасгалжуулагчаар "Монреаль-1976", "Москва-1980" зуны олимпийн наадамд ажилласан юм. Бела гэргийн хамт 1981 онд Америкт цагаачлан гарсан. Каролигийн гар дээрээс Екатерина Сабо, Мэри Лу Реттон, Теодора Унгуряну, Ким Змескал, Доминик Мосеану, Керри Страг нарын олимпийн 9 аварга, дэлхийн 15 аварга төржээ. Түүний хамгийн алдартай шавь нь мэдээж Румыний домогт гимнастикч Надя Комэнечи. Хэрвээ Бела Кароли тэртээх 1968 онд зургаан настай Надя нэртэй, жаахан охиныг гимнастикийн зааланд хөтлөн авчраагүй бол олимпийн 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл, дэлхийн аваргын 2 алт, 2 мөнгөн медальт, спортын гимнастикийн түүхэнд анх удаа хамгийн төгс гүйцэтгэл болох 10.0 оноог олимпийн наадамд авч, үнэмлэхүй аварга болсон гимнастикч Надя Комэнечийн заяа төөрөг ямар байх байсныг хэн мэдэх билээ? Дэлхийд Надя Комэнечи гээд гимнастикийн бурхан бэлэглэсэн нь Бела Каролигийн хамгийн том гавьяа юм даа.

За одоо зургийн тайлбартаа орьё. Та бүхний харж буй энэ зураг 1980 оны Москвагийн олимпийн үеэр дарагдсан бөгөөд хамгийн зүүн гар талд гимнастикийн домог Надя Комэнечи ташаагаа тулаад зогсож байна. Надя "Москва-80" олимпоос хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Түүний хажууд Бела болон Марта Кароли нар байна. Тэдний удирдсан Румыний гимнастикчид энэ олимпоос долоон медаль (2 алт, 3 мөнгө, 2 хүрэл) авч байж.

Энэ гурвын ард байгаа охин бол Монголын тамирчин байгааг хувцсаар нь танилаа. "Москва-1980" Зуны олимпийн XXII наадмын спортын гимнастикийн төрөлд Монголын хоёр гимнастикч буюу Дашзэвгийн Ариунаа, Даваасүрэнгийн Оюунтуяа нар оролцсон. Тэгэхээр тэр хоёрын нэг нь энэ охин байх нь. Олимпийн наадамд оролцож байхдаа 14 настай жаахан охидууд байсан болохоор яг хэнийг нь эхлээд мэдсэнгүй. Д.Ариунааг таньдаг, найз болохоор шууд л Герман руу холбогдож зургийн өөрийнх нь хэсгийг харуулаад "Чи мөн үү? Эсвэл Оюунтуяа юу?" гэхэд "Би байна шүү дээ, хүүхдээрээ. Чи хаанаас олов оо, надад огт байдаггүй зураг байна" хэмээснээр түүхт зураг дээрх монгол охин бол ОУХМ Д.Ариунаа гэдгийг баталгаажуулж авлаа. Дэлхийн гимнастикийн домогт тамирчин Надя Комэнечи аугаа дасгалжуулагч Бела Кароли, Марта Кароли нартай хамтдаа дуран авайд бууснаа өөрөө ч мэдээгүй бололтой, Ариунаа маань. Ямар ч байсан санаандгүй тохиолдлоор Монголын спортын түүхэнд үнэтэй нэгэн "патиар"-ыг эзэнд нь хүргэж, олонтойгоо бас хуваалцлаа. Дашрамд дурьдахад "Москва-80" Зуны олимпийн XXII наадмын спортын гимнастикийн төрөлд 62 тамирчнаас манай Монголын Даваасүрэнгийн Оюунтуяа 71.050 оноогоор 26 дугаар байр, Дашзэвгийн Ариунаа олон төрөлтөд 68.550 оноогоор 62 тамирчнаас 35 дугаар байр тус тус эзэлж, хоёулаа "Топ-36"-д бичигдэж байсан түүхтэй.

Ц.Энхтүвшин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.