Японы сүмо бөхийн холбооноос энэ тэмцээнээс эхлэн кэншё буюу ялсан бөхөд олгодог шагналын системээ өөрчиллөө. Барилдааны өмнө тухайн барилдааныг ивээн тэтгэж байгаа компанийн логотой далбаа дохё тойрон явдгийг үзэгчид сайн мэдэж байгаа. Алдартай бөхийн барилдаанд маш их кэншё гардаг билээ. Ялсан бөх гартаа багтахгүй их дугтуй барин дэвжээнээс бууж байдаг билээ. Нэг кэншё 70 мянган иэн бөгөөд үүнээс 30 мянга нь дугтуйнд бэлнээр, 10 мянга нь Сүмо бөхийн холбооны дансанд орж, үлдсэн 30 мянга нь тухайн бөхийн нэр дээр хадгалагдаж, зодог тайлсан хойноо авдаг дүрэмтэй байлаа. Дугтуйтай кэншё мөнгөнөөсөө бөхчүүд дагуул, туслах бөхчүүд болон анд найз, ах дүү нартай бэлэг болгон өгч, эсвэл дайлдаг байв.
Харин Зуны тэмцээнээс эхлэн нэг дугтуйнд 10 мянган иэн л хийдэг болжээ. Үлдсэн 60 мянгаас 10 мянга нь холбоонд, харин бөхийн нэр дээр хадгалагдах мөнгө 50 мянган иэн болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ мөнгөө бөхчүүд зодог тайлсан хойноо л авдаг байсан бол одоо хэзээ ч авч, хэрэглэж болно. Үүний тулд ямар шалтгаанаар мөнгө хэрэгтэй болсон эсэхээ тайлбарлаж, өргөдөл бичих ёстой гэнэ.

Сүмо бөхийн холбооноос энэ шинэчлэлээ аюулгүй байдлын үүднээс авсан арга хэмжээ гэж тайлбарлалаа. Зарим чухал барилдаанд маш олон кэншё цуглардаг тул их хэмжээний бэлэн мөнгө бариад явах нь бөх болон туслах бөхчүүдэд аюул учруулж магадгүй гэж холбоо үзжээ.
Одоогийн байдлаар ивээн тэтгэгчид (111 компани) Зуны тэмцээнд нийт 2916 кэншё тавиад байна. Ёкозүна цол горилж байгаа Озэки Оносато (310 кэншё), ёкозүна Хоошёорюү (158), озэки Котозакүра (145) болон Оохо (126), Оошёоүма (120), Мидорифүжи (113), Киришима (109) нарын барилдаан хамгийн олон кэншётой байна.