UBLife Logo
Спорт

Уран гулгалт: Оросууд олимпод хосын төрөлд оролцохгүй боллоо

Уран гулгалт: Оросууд олимпод хосын төрөлд оролцохгүй боллоо

Олон улсын тэшүүрийн спортын холбооноос (ISU) 2026 оны олимпын эрхийн тэмцээнд оролцох орос тамирчдын нэрсийг зарлалаа. Гэхдээ зөвхөн ганцаарчилсан төрлийн тамирчдад эрх олгож, бүжиг спорт хосынхонд эрх өгсөнгүй.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Аделия Петросян, эрэгтэйд Петр Гуменник хоёр эрхийн тэмцээнд оролцоно. Тэдний сэлгээнд Алина Горбачева, Владислав Дикиджи нар нэрлэгджээ. Энэ жагсаалт эцсийн шийдвэр бөгөөд өөрчлөгдөхгүй ажээ. Өөрөөр хэлбэл тухайн тамирчныг сольж болохгүй, нэрс хасагдах боломжтойгоос нэмэгдэхгүй гэсэн үг.

Ингэхээр ОХУ-ын аварга Александра Степанова, Иван Букин (бүжиг), Анастасия Мишина,  Александр Галлямов (хос) нар есдүгээр сард Бээжинд болох 2026 оны эрхийн тэмцээнд оролцож чадахгүй, улмаар олимпод өрсөлдөх боломжгүй болжээ.

ISU холбооноос “Бид Оросын холбооноос ирүүлсэн мэдүүлэг дэх тамирчдын 2022 оны хоёрдугаар сараас хойш хийсэн мэдэгдэл, мэдээллийг сайтар хянаж үзлээ. ОХУ-аас уран гулгалтын бүх төрөлд нэр илгээсэн ч зарим тамирчин нь шалгалтад унасан” гэж мэдээлсэн.

Яг ямар шалтгааны улмаас хасагдав гэдгийг ISU мэдээлээгүй ч шинжээчид учир шалтгааныг нь нэрлэж эхлээд байна.

Степанова, Букин хоёр 2024 оны хоёрдугаар сарын 29-нд Москвад Ерөнхийлөгч  Владимир Путины Холбооны хурал буюу парламентдаа хэлдэг уламжлалт илтгэлийн үеэр байлцсан. Энэ илтгэлд Украин, НАТО, Барууны орнуудын талаар шүүмжлэл маш их байсан билээ. Гарч ирээд Букин олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгчийн энэ үг манай орны улс төрийн амьдралд тун чухал үйл явдал боллоо. Энэ үйл явдалд оролцсоноо нэр төрийн хэрэг гэж бодлоо” гэж бичиж байв. Букин хэсэг хугацааны дараа энэ постоо устгасан ч холбооныхон хадгалаад авсан байжээ. Украин улс 2022 онд Мишина/Галлямов, Степанова/Букин нарыг хоригт оруулснаа зарлаж байсан юм.

Галлямовын хувьд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахыг маш их шүүмжилсэн нь гай болох шиг боллоо. Түүний Бахад бичсэн ил захидлын хэсгээс толилуулахад “Олимпын уриа болох Хамтдаа Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэсэн үгнээс хамтдааг нь аваад хаях уу, хүндэт Бах? Яагаад ОХУ-д хориг тавив” гэж дурдсан байсан. Мөн тэрээр 2022 оны хавар Кремльд шагнал авч байсан юм.

Бусад тамирчид Путины хүлээн авалтад оролцсон, Украиныг шүүмжилсэн, дуучин Шаманы тоглолт үзсэн зэрэг маш олон шалтгаанаар хасагдсан бололтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.