“ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацаловыг допингийн хэргээр ажлаас нь хэсэг хугацаагаар чөлөөллөө” гэж Олон улсын допинг шалгалтын ITA агентлаг мэдээллээ. Түүнд Москвагийн допингийн эсрэг лабораторийн шинжилгээ дээр үндэслэн шийтгэл оноожээ. Гэхдээ зөрчлийг 2015 оны тавдугаар сарын 10-нд үйлдсэн гэж бичсэн байна. Арван жилийн өмнө түүнээс допинг илэрсэн юм уу, шинжилгээнээс зайлсхийсэн үү гэдэг тодорхой бус.
Хажимурат Гацалов энэ талаар инстаграм хуудсандаа бичиж, хэн нэгэн өөрийг нь хорлох гэж оролдлоо гэж мэдэгдсэн юм. Тэрээр “Амьдралд минь гэнэтийн зүйл тохиолдлоо. Допинг хэрэглэсэн, тодруулбал бохир сорьц гэж байна. Бохирдсон сорьц гэж байдаггүй гэдгийг анхаарна уу. Энэ бүх зүйлийг хэдэн хүний таамаглал, хуйвалдаан дээр л үндэслэсэн зүйл байна. Сорьцыг 2015 онд Москвагийн лаборатори сольсон гэж бичжээ. Тэгээд тэр сорьцыг сольсон байж болох юм гэдгийг би одоо арван жилийн дараа мэдэж байдаг гэнэ. Тайлбар хэлье. Би цэвэр сорьцоо өгөөд албан ёсны бичиг авсан. Дараа нь миний сорьц яасныг би мэдэхгүй, хянаж чадахгүй. Тэгснээ гэнэт одоо тэр сорьц солигдсон байх магадлалтай, шалгана гэх юм. Энэ бол захиалгатай гүтгэлэг. Өөр тайлбар надад алга. Арван жилийн дараа допинг гэж хэлэх юм уу? Тэгвэл энэ арван жил допингийн эсрэг байгууллага юу хийж байсан юм бэ? Би ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хийсээр байх болно. Би хэргийг шийдвэрлэхийг хүлээж байна. Жинхэнэ шударга газар нь шалгана гэж найдаж байна. Би тамирчин, дасгалжуулагч байсан ялгаагүй үргэлж цэвэр спортын төлөө байсан.