Спортын "Хатан хаан" хэмээгддэг хөнгөн атлетикийн ДАШТ хоёр жил тутам явагддаг бөгөөд энэ жилийн есдүгээр сарын 13-21-нд Японы Токио хотноо 20 дахь удаагийн тэмцээн болох билээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ нь оролцогч орон, тамирчдын тоо, нэр хүнд, цар хүрээгээрээ спортын ертөнцөд дээгүүр бичигддэг бөгөөд зөвхөн оролцох стандард (entry standard) биелүүлсэн болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны чансаагаар тодорхой квотод багтсан тамирчид л ордог өндөр босготой тэмцээн.
"Токио-2025" ДАШТ-д манай Монголын тамирчдаас оролцох эрхээ хамгийн түрүүн авсан тамирчин нь Монгол Улсын гавьяат тамирчин , марафонч Бат-Очирын СЭР-ОД боллоо.
"Токио-2020" ДАШТ-ий эрэгтэй марафон гүйлтийн төрөлд entry standard нь 2:06:30 бөгөөд мөн Дэлхийн чансаагаар нийт 100 тамирчин оролцох квоттой. Өнөөдөр World athletics буюу Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг жагсаасан бөгөөд эрэгтэй марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од маань 66-д бичигдэн Токиод "тоосоо" өргөх нь тодорхой боллоо.
Ирэх 10 дугаар сард 44 нас хүрэх Сэр-Од маань тэсвэр тэвчээр, хатуужлын хязгаар марафон (42 км 195 м) гүйлтээр зургаан олимпод (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024 оны Зуны олимпын наадамд) оролцсон манай гариг дээрх анхны бөгөөд цорын ганц тамирчин гэдгийг бид байтугай дэлхий даяар, хөнгөн атлетикийн ертөнц мэднэ.

Түүгээр зогсохгүй марафоны Ази тивийн АШТ-ий алт, мөнгө, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртэж, Осака, Брайтон, Хофү марафонд түрүүлж, олон арван марафонд медальт болон шагналт байрт шалгарч байсан "Ziggy" хочит Сэр-Од маань хөнгөн атлетикийн ДАШТ-д 11 удаа оролцсон амжилтаараа дэлхийн бүх хөнгөн атлетикчдийн жагсаалтад 13 оролцсон Испанийн Хесус Анхель Гарсия, Португалийн Жоао Виейра нарын дараа л бичигддэг. Гэхдээ тэд бол спорт алхааны тамирчид. Харин марафоноор ДАШТ-д хамгийн олон удаа оролцсон тамирчин нь Монголын Б.Сэр-Од юм. Энэ амжилтаараа Сэр-Од маань Гиннесийн рекорд амжилтын номд бичигдсэн бас. Тэгвэл энэ амжилтаа дахин ахиулж 12 дахь удаагаа ДАШТ-д оролцох боллоо, Сэр-Од.
Үнэхээр бахархам амжилт, гайхамшигтай түүхийг бүтээж, бүтээсээр байгаа, гүйхийн төлөө төлөө төрсөн, "гүйж яваа хүн" Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч , гэргий О.Оюунтуяа нартаа амжилтын дээдийг хүсье!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин