Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Тус тэмцээний макүшита зиндаанд олны анхаарлыг татаад байгаа нэгэн бөх байгаа нь Арашио дэвжээний Танжи. Макүшитагийн 27 дахь бөх Танжи одоогоор хоёр даваад байна.

Тэрээр Фүкүшима мужийн уугуул. 18 настай. Орос ээжтэй, япон аавтай. Тун царайлаг тул түүний барилдааныг үзэхээр япон охид Бөхийн өргөөнд цуглардаг болжээ. Ээж Наталья нь уран сайхны гимнастикийн тамирчин байсан. Багаасаа гимнастикаар хичээллэсэн тул Танжи 120 кг жинтэй одоо ч сальто эргэж чаддаг гэнэ. Ах нь макүшитад барилдаж байгаад зодог тайлсан Тайга.
Уг нь ээж шигээ гимнастикаар амжилт гаргахыг зорьж байсан ч бага сургуулийнх нь биеийн тамирын багш сүмод урвуулжээ. Дунд сургуульд байхдаа хэд хэдэн тэмцээнээс медаль авсан.

Арашио ояката шавиа “Украин гаралтай Тайхо аваргатай тун төстэй. Нэг юм хэлэхэд хоёр зүйл ойлгодог ухаалаг хүү” гэж тодорхойлсон. NFL-ийн “Даллас” багийн Майка Парсонс Арашио дэвжээний бэлтгэл дээр ирээд түүнтэй мөргөлдөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан. Нийт 18 сая хүн үзэж, 810 мянган лайк авсан билээ.