Олон улсын допинг шалгалтын ITA агентлагаас “ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацаловыг допингийн хэргээр тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар хаслаа” гэсэн мэдэгдэл хийж, Оросын чөлөөт бөхийн ертөнц донсолсон билээ.
Гацалов өөрөө бүгдийг няцааж, “Энэ бол захиалгатай гүтгэлэг. Өөр тайлбар надад алга. Би хэргийг шийдвэрлэхийг хүлээж байна. Жинхэнэ шударга газар нь шалгана гэж найдаж байна. Би тамирчин, дасгалжуулагч байсан ялгаагүй үргэлж цэвэр спортын төлөө байсан” гэж хариу мэдэгдэл хийсэн.
ОХУ-ын Спорт бөхийн холбооноос хэрэг шийдэгдтэл Хажимурат Гацаловыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлж байгаагаа зарлаад мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Манай холбоо Хажимурат Гацаловын Улсын аваргын тэмцээний үеэр 2015 оны тавдугаар сарын 10-нд өгсөн шинжилгээ эерэг гарсан гэсэн мэдэгдэл хүлээн авсан. Энэ шинжилгээг Москвагийн допингийн эсрэг лаборатори авч, 2019 онд Дэлхийн допингийн эсрэг агентлагт (WADA) шилжүүлэн өгсөн байна. ITA-гийн мэдээлснээр Гацаловын сөрөг хариу ямар нэг будилааны дараа эерэг болжээ. Москвагийн допингийн эсрэг лабораторийг энэ үед 2016 онд АНУ-д зугтсан Григорий Родченков тэргүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Хажимурат Гацалов шударга нэрээ хамгаалах зорилготой байгаа гэдгийг ОХУ-ын Спорт бөхийн холбоо мэдэгдэж байна. ДБНХ-ны дүрэх ёсоор ийм хэрэгт холбогдсон хүн ямар ч тэмцээнд, бөх, дасгалжуулагчийн хувиар оролцох ёсгүй байдаг. Тиймээс манай холбоо Хажимурат Гацаловыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлж байна” гэж дурджээ.
Харин ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвили энэ талаар “Сүүлийн арван жилийн шилдэг бөхийн талаар ийм мэдэгдэл ирсэнд бид бүгд шокт орсон. Миний хувьд ч, холбооны бүх гишүүдийн хувьд ч Гацалов цэвэр гэдэгт эргэлзэх зүйлгүй. Сорьцыг дахин шинжлэх 10 жилийн хугацаа яг дуусахын өмнө ийм шалгалт хийсэн нь хачирхалтай. Манай холбоо дүрэм ёсоор түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ бид оронд нь хэн нэгнийг ахлах дасгалжуулагчаар авах талаар ярихгүй. Хэрэг бүрэн шийдэгдэх хүртэл хэнийг ч нэр дэвшүүлэхгүй” гэжээ.