Про лигийн сүүлийн хоёр улиралд дараалан мэргэн буучаар тодорсон Криштиано Роналду “Аль-Насср”-ийн төлөө ахин тоглохгүй гэдгээ зарласан.
Түүний эл гэнэтийн шийдвэр нь олон хүнийг таамаг эрэх хөлгүй их аянд мордуулав.
Тэгтэл ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино “Роналдуг Клубуудын ДАШТ-д оролцоно” гэж таамаг дэвшүүлсэн нь нэн сонирхолтой.
Энэ зун анх удаагаа өргөтгөсөн хэлбэрээр 32 багийг оролцуулан зохион байгуулах клубүүдийн ДАШТ нь цаашид хэрхэх вэ гэдэг сорилт, шалгуурын өмнө тулаад байна.
Лионел Мессигийн “Интер Майами” ихэнх хүнд ойлгогдохооргүй сонин тохиолоор уг тэмцээнд орж ирсэн нь Роналдугийн гэнэтийн шийдвэр ч тэр клубүүдийн ДАШТ-г олны анхаарлын төвд оруулах гэж эртнээс төлөвлөсөн үйл хэрэг гэлтэй.
Ямартаа ч Роналдуд хангалттай хэмжээний цалинг амлаж чадах баг хуруу дарам цөөн бий.
Тэрбээр 2023 онд "Аль-Насср" руу буурь сэлгэхдээ жилийн 177 сая паундын цалингаар явсан нь түүнийг дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болгосон юм.
Гэхдээ Роналду зөвхөн клубүүдийн ДАШТ-ий үеэр нэгдэх богино хугацааны гэрээг ч илүүд үзэж болох үндэстэй.
Испанийн “Marca” сонин өнгөрсөн долоо хоногийн дугаартаа Бразилийн клубээс Роналдуд санал ирүүлсэн гэж мэдээлсэн.
Уг тэмцээнд оролцох Бразилийн дөрвөн клубээс “Ботафого” багийнхан л түүнтэй холбогдсон бололтой.
Клубүүдийн ДАШТ өнөө жил АНУ-ын 12 цэнгэлдэх хүрээлэнг дамнан 6-р сарын 15-наас 7-р сарын 13-ний өдрүүдээр болно.
