2025 онд өндөр хүлээлт үүсгээд байгаа “Stranger Things” цувралын сүүлийн буюу тавдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа.

“Stranger Things” цуврал “Netflix” платформ дээр 2016 оноос эхлэн гарч, цувралын зохиолч, найруулагчаар ах дүү Мэтт, Росс Даффер нар ажилласан. Уг цуврал 2016 оноос эхлэн 2022 он хүртэл дөрвөн бүлэг гарсан бол тав дахь бүлгийн зураг авалт 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлж, нийт 353 өдрийн турш үргэлжилсэн юм.
5-р сарын 31-нд болсон “Netflix Tudum 2025” арга хэмжээний үеэр гурван хэсгээс бүрдсэн цувралын сүүлийн анги энэ намрын сүүлээр гарахыг мэдэгдлээ. Мөн уг арга хэмжээний үеэр цувралын гол дүрүүд болох 20 настай Шнапп, 22 настай Вольфхард, 21 настай Милли Бобби Браун нар хамгийн анхны анги, хамгийн сайхан дурсамжуудаа хуваалцжээ.
Гол дүрүүд ямар сэтгэгдэлтэй байна?
Милли Бобби Браун: "Сүүлийн өдөр, миний хайртай багийн гишүүд, хайртай жүжигчид, хамтран ажиллаж байсан хамгийн хайртай найруулагч нартаа баяртай гэж хэлэх нь энэ цувралд өсөж торнисон хүний хувьд үнэхээр сэтгэл дундуур байна"

Киноны гол дүр болох Финн Вольфхард 12-р сард Инстаграм хуудастаа цувралын төгсгөлд харамсаж буйгаа хуваалцаж, "Бид дөнгөж сая Stranger Things-ийн 5-р бүлгийг хийж дууслаа. Би одоо хүртэл шокноосоо гараагүй л байна. Бид нэг жилийн турш зураг авсан, мөн би бүх найзууд болон дүрээ маш их санах болно" гэжээ.
Хүн бүхний хүсэн хүлээсэн эсвэл айж байсан төгсгөл 2025 оны 12-р сарын 31-ний шинэ жилийн үдэш ирэх нь ээ.