Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо холбооноос гарч, өчигдөр Токиод хэвлэлийн хурал хийлгэж, гарсан шалтгаан, цаашдын зорилгоо ярьсан билээ. Хурал нийт 43 минут үргэлжилсэн бөгөөд элдэв сенсац, шуугиангүй өндөрлөсөн. Сэтгүүлчдийн дунд Хакүхо том мэдээлэл хийнэ гэсэн яриа гарч, Сүмо бөхийн холбоо ч юу ярих бол хэмээн айж байсан юм. Гэвч Хакүхо хайртай, дуртай сүмо бөхдөө үнэнч хэвээр, холбоотой муудалцсангүй, хурлаа өндөрлүүллээ. Уг нь түүнд ярих зүйл их байсан биз ээ.

Японы найруулагч, зохиолч Осамү Сүзүки энэ талаар “Хамгийн эхний сэтгэгдэл бол Хакүхо үнэхээр ёс зүйтэйгээр гарч одлоо. Өмнөх их аварга Таканохана Сүмо холбооноос гарахдаа их ширүүн байсан. Гарахаасаа хагас жилийн өмнөөс телевизийн нэвтрүүлэгт оролцож, шүүмжлээд л. Нэлээн тэмцэлдэж байж холбоог орхисон. Хакүхог ч гэсэн хурц шүүмжлэл хэлэх байх гэж хүмүүс бодож байлаа. Гэвч яг л ёкозүна хүний ёсоор ёс зүйтэй хурал хийлээ. Цаашдаа хийх зүйлээ харин ёстой бүх сэтгэлээрээ хийх юм байна гэж бодогдлоо. Холбоонд хэлэх зүйл, ярих юм олон байсан ч цаашдаа сүмотой холбоотой ажиллах болохоор сүмогоо хайрласаар, чимээгүй өнгөрч байх шиг. Холбоотой санал зөрөлдсөн зүйл байснаа ч илэн далангүй хэлээд явлаа” гэж ярьсан байна.