UBLife Logo
Спорт

Ublife-ийн түүхүүд: Тэд яагаад 3х3-ийг сонирхдог болсон тухай

Ublife-ийн түүхүүд: Тэд яагаад 3х3-ийг сонирхдог болсон тухай

Спортын дэмжигч байх нь зугаатай ажил шиг зарим хүнд төсөөлөгддөг байх. Гэхдээ үнэнч дэмжигч байх нь ямар үед хэцүү, ямар үед сайхан болохыг өөрийн зүрх, сэтгэлээр ганц удаа ч гэсэн мэдэрч үзсэн бол та ийм хөнгөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. Тууштай, үнэнч дэмжигч байна гэдэг нухацтай үйл хэрэг билээ.

Энэ удаа бид сагсан бөмбөгийн 3х3-ийн тоглолтуудыг тогтмол үзэж, хайртай багийнхнаа цаг үргэлж үнэнчээр эрчлэн дэмждэг, бас үүнийг амьдралынхаа салшгүй үнэт зүйл болгосон эрхмүүдийг онцолж байна.


Б.Номиндарь

Миний хувьд, ахлах ангид дэвштлээ гадаад хэл сурах, хот, мужуудын нэр тогтоох, тэдгээрийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах зорилгоор сагсан бөмбөгийг үзэж байлаа. Одоо ч би англи хэлийг сагсан бөмбөгөөр дамжуулж сурсан гэж хэлдэг. Харин ахлах ангиасаа НБА-г шимтэх болж, улмаар хөгжөөн дэмжигчийн хэмжээнд сагсан бөмбөгийг үздэг болсон. Оюутан байхдаа NCAA-гийн тоглолтуудыг ч олон үзсэн. Их сургуулийн маань баг Division III-т өрсөлддөг байсан учир талбайдаа тоглоход нь очиж дэмждэг байлаа.

2017 оны Азийн АШТ-ээс хойш 3х3-ийн тэмцээнүүдийг тогтмол үзэж байна. Тухайн үед Монголд эргэж ирээд удаагүй байсан учир мэдээллээс хоцроод Азийн АШТ-ийг шуудхан үзэж чадаагүй юм. Гэхдээ 2019 онд Сүхбаатарын талбайд явагдсан 18 хүртэлх насныхны ДАШТ, Улаанбаатар Челленжер гэсэн тэмцээнүүдийг дэргэдээс нь үзсэн. Ингэхдээ, урьд өмнө нь мэддэггүй байсан Европ болон Азийн олон хотын нэрийг тогтоож авсан. Өдгөө бол 3х3 сонирхогчдын цахим групп нээгээд түүнийгээ цаг үеийн мэдээ, мэдээллээр баяжуулахын сацуу спортод суурилсан нөхөрлөлийн орон зайг амжилттай бүрдүүлээд байна. Ер нь 3x3 үзсэнээр өмнөхөөсөө илүү нээлттэй болж, сонирхлоороо огтлолцсон олон сайн найзтай болсон.

3х3-ийн гадаад баг, тамирчидаас Stefan Stojacic-г байхад “Лиман”-д дуртай байв. Хий багатай, зөв хор шар ихтэй тамирчдаас бүрдсэн баг шиг санагддаг. Stefan Stojacic маань бэртэж, Сербийн шигшээ багаас хасагдсан. Түүнээс хойш Австрийн “Vienna” багийн төлөө өндөр түвшинд тоглож, мөн Хятадын багт очиж жил хэртэй хүчин зүтгээд ахин нутагтаа ирж, “UB” багтай нэгдсэн байдаг. Хэдий тэрбээр уналт, сэргэлт ээлжилсэн өвөрмөц замналтай ч, цаг үргэлж зан характер, ур чадварын хувьд нэг түвшинд байдаг гоё тоглогч шүү дээ. 

Мөн, Монголоос дэмждэг тоглогч маань Д.Дэлгэрням. Талбай дээр ч, талбайн гадна ч биеэ сайхан авч явдаг, харилцаа хандлагын хувьд эелдэг, зөвхөн сагсан бөмбөг сонирхогчид гэлтгүй бүх л хүн үлгэр жишээ авахаар тамирчин юм. Монголын эрс тэс цаг агаараас авахуулаад багагүй сорилттой нүүр тулдаг ч, 5х5 болон 3х3 төрлийн аль алинаар нь ээлжлээд жил тойрон тоглож чаддаг, тэгсэн хэр нь ээ даруухан, өөр зүйлсэд анхаарлаа алдалгүй урдах ажлаа маш сайн хийдэг тамирчин.

“Улаанбаатар” баг болон Үндэсний шигшээ багийнхаа хожил, хожигдлыг сүүлийн 7-8 жилийн хугацаанд эн тэнцүү мэдэрч, үргэлж хамтдаа байна. Цаашдаа ч тууштай дэмжсээр л байна гэж боддог.

Миний сагсан бөмбөг сонирхож эхэлсэн үе Кобигийн хүчирхэг эрин үетэй давхцаж таарсан юм. Түүний хувьд, багийн гол тоглогч гэдэг заавал хүн болгонд өөрийн эрх мэдлийг хэлж, тайлбарлах албагүй, харин биеэрээ үлгэрлэж харуулдаг юм гэдгийг нотолсон тамирчин шүү дээ.

Өдгөө миний харсан хамгийн сайхан тоглолтууд гэвэл 2006 онд Коби 81 оноо авсан явдал, нөгөөх нь 2023 оны 3х3-ийн Азийн АШТ-ий өрсөлдөөн юм. Энэ Азийн АШТ-ий ялагчдад олимпын эрх олгохоор болж, өндөр ач холбогдолтой явагдсан нь өрсөлдөөнийг улам өнгөлсөн. Би ч гэсэн бүхий л ажлаа зохицуулж байгаад л утас, лаптоп, зурагт гурваа аль алинг нь зэхэж байгаад тухтай нь аргагүй шигшээ багаа дэмжсэн юм. 

Амралтын өдрүүдийг зөвхөн гэртээ өнгөрүүлэх бус харин нөхцөл, боломж нь бүрдвэл аль болох тэмцээн үзэж, Үндэсний баг, тамирчдаа дэмжихийг эрмэлздэг. Тиймээс Сүхбаатарын талбайд төдийгүй парк дээр болж буй тэмцээнүүдийг аль болох алгасалгүй үзэхийг хичээж байна. Мөн гадаадад явагдаж буй тэмцээнүүдийг ч алдалгүй үздэг.

Сагсан бөмбөгийн 3х3-ийн тоглогчдоос гадна олон улсын тайлбарлагч нарыг нь хүртэл таньдаг болтлоо үзнэ гэдэг хэчнээн сайхан гэж санана аа. 3х3-ийг онцолж хардаг шалтгаан маань богино хугацаанд олон тоглолт өрнөдөг мөн дэлхийн олон хотуудыг дамнан явагддагтай холбоотой. Алсдаа Улаанбаатар хотоос гадна аймгийн төвүүдэд ч мөн 3х3-ийн тэмцээнийг зохион байгуулбал сайхан болох юм шиг санагддаг.

Анх би өвлийн амралтаараа Дэнвэр хотын “Pepsi Center”-т зочилж, сагсан бөмбөгийн тэмцээнийг дэргэдээс нь үзэж байлаа. Зурагтаар үздэгээс тэс өөр, сэтгэл хөдөлгөсөн, өрсөлдөөн ойролцоо, өндөр хэмнэлтэй мөчүүд олонтоо санагдсан. Түүнээс хойш үргэлж л талбай дээр нь очиж, тоглолт үзэх сэн гэж хүсдэг юм байна лээ.


Б.Хонгорзул

Би 3х3 сагсан бөмбөгт дурлаад хэдэн жил болж байна. Оюутан байхад нэг зун Сүхбаатарын талбай дээр очтол 3х3 сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн болж байсан юм. Тэр бол миний үзсэн анхны тэмцээн. Их сонирхолтой сайхан санагдсан. Тэр цагаас хойш Монголынхоо шигшээ багийн оролцож байгаа том тэмцээнүүдийг сонирхон, шимтэж үздэг болсон.

Надад 3х3 сагсан бөмбөгийн дүрэм их таалагддаг. Тун энгийн, ойлгомжтой. Зав зай тааруухан орчин цагийн хүмүүст яг тохирсон спорт гэж боддог. Ялангуяа их эрчтэй, хурдан явагддаг болохоор уйдах, төсөөрөх зав байхгүй. Нэг амьсгаагаар л үзээд дуусгачихдаг. Монголчуудад их тохирсон спорт санагддаг. Би ч гэсэн багадаа байрныхаа гадна ганц самбарт найзуудтайгаа өдөржин тоглодог байж билээ.

Монголчуудынхаа тэмцээнийг үзээд байхаар тамирчдаа таньдаг, мэддэг болоод өөрийн эрхгүй огшоод, дэмжээд эхэлдэг. Дараагийн тэмцээн нь хэзээ, хаана болох вэ гэдгийг судалж, лавладаг болсон. Телевизээр дамжуулдаг болохоор гэртээ тухтай үзэх боломжтой.

Манайхан маш сайн тоглодог, үзэхэд урамтай. Анх үзэж байхад А.Анандын алсын зайны шидэлтүүд орж байгааг харахад их сайхан санагдаж байснаа санадаг. Одоо ч түүнийг дэмжиж байгаа. Эмэгтэй баг маань олимпод ороод үзчихсэн болохоор эрэгтэй шигшээ багаа олимпын наадамд тоглож байхыг харах сан гэж хүсдэг. Эмэгтэй багаас О.Хулангийн тоглолт таалагддаг. Тоглолт бүр дээр хүч чадлаа бүгдийг нь шавхдаг, үнэхээр багийн лидер тоглогч. Түүний ах О.Энхбаатарын тоглолтыг үзэх дуртай. Самбарт ойртоод дундаас шидэхдээ ёстой найдвартай.

Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ явагдаж байгаад их баяртай байгаа. Дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь үзэх сайхан боломж манай хүүхэд залуучуудад гарч байна даа. Би ч гэсэн очиж, үзэх болно. Гадаадын шилдгүүдээс Сербийн Деян Майсторович, эмэгтэйчүүдээс Америкийн шинэ од Микайла Уильямс нарын тоглолтыг үзэхээр тэсэн ядан, хүлээж байна.   


Др. П.Энхээ | Bibliotherapy инстаграм хуудасны менежер, судлаач

Миний амьдарч байсан хотын “Филадельфи 76” багийнхан НБА-д тоглодог. Үүнээс үүдэн сагсан бөмбөгийг эрчимтэй сонирхох болсон. Хааяадаа бас хүмүүстэй нийлээд тоглочихдог.

Би эсийн биологич мэргэжилтэй. Лабораторид ажиллаж байхдаа урагшаа давших, цуцалтгүй байх урам зоригийг 3х3-аас олж хардаг. Тиймээс сагсан бөмбөгийн тамирчдаас суралцах зүйлс олон байдаг юм.

3х3-ийн тоглолт үзэхийг би өөрийнхөө төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж хардаг. Сахилга баттай байх, ирээдүй рүү тэмүүлэх хүчээ сэлбэхэд маань энэ дадал надад тусалдаг учраас юм.  

Намайг Монголдоо ирэх үед 3х3 ид шуугиулж байлаа. Дотоодын баг, тамирчдадаа тогтмол хөрөнгө оруулалтаар тусалдаг томоохон бүтээн байгуулагч нартаа ихэд талархдаг. Энэ бол маш том хөгжил, дэвшил төдийгүй Үндэсний эв нэгдэл, оюун санааны өөрчлөлт юм.

Нэгэнт ийм хүчтэй гарч ирж байгаа, улс орныг маань дэлхий дахинд танилцуулж байгаа 3х3 төрлийн спортыг тогтмол дэмжиж, цаашид системтэйгээр хөгжүүлээсэй гэж хүсдэг. Ер нь 3х3-ийн олон улсын тэмцээнүүдийг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдийн нэгээр үнэлж, тэр хэмжээнд авч үзэх нь алсдаа өндөр нөлөөтэй болов уу хэмээн бодож байна.

Миний хувьд, эмэгтэй шигшээ багийнхны тоглолтыг дэмжиж, идэвхтэй үздэг. Энэ удаагийн ДАШТ-ий үеэр Үндэсний шигшээ багийнхаа бүх л тоглолтыг үзэхээр догдолж байна. Тасалбар нь ч боломжийн үнэтэй.

“Улаанбаатар Амазонс” багийн тоглогч Грэйс Берг манай гэрийн ойролцоо амьдарч байлаа. Тиймээс олонтоо тааралддаг байсан юм. Сагсан бөмбөгийн тамирчид цагийн менежмент сайтай, маш давшингуй, өөртөө итгэлтэй, үргэлж эрч хүчтэй байдгийг түүнтэй тааралдах бүрийдээ мэдэрдэг байлаа. Сэтгэлийн хаттай байж, сэтгэл зүйгээ жолоодох чадварт гаршсан хүмүүс шиг санагдсан.

Үндэсний Дээд лигийн багууд легионер тамирчдыг идэвхтэй авчирч байгаа нь, манай улс олон улсын тэмцээнийг хүлээн авч буй нь дотоодын тамирчдын ур чадвар ахих, сагсан бөмбөгийг сонирхогч, дэмжигчдийн тоо олшроход чухал нөлөөтэй байна.

Сагсан бөмбөгийн тоглолт үзсэнээр шинэ санаагаа хөгжүүлэх, шинэ ажлыг зоригтой эхлүүлэх урам зоригийг авдаг.

Миний хувьд, талбайн теннисний спортыг мөн сонирхож, үздэг юм. Сонирхолтой нь, зарим теннисчид 3х3 төрлөөр хичээллэж, богино зайн тэсрэлт, мэдрэмжүүдийг өөртөө дадуулдаг гэж уншиж л байлаа.

Мөн Коби Брайантийн намтрыг, ялгаварлан гадуурхалтыг сэтгэлийн хүчээрээ хэрхэн даван туулсан тухай нь уншаад маш их бахархсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saruul\47.129.0.88
🙌🙌🙌