UBLife Logo
Спорт

А.Даваажаргал, Б.Намбардагва, Б.Анударь нар 23 хүртэлх насныхны Азийн аварга боллоо

А.Даваажаргал, Б.Намбардагва, Б.Анударь нар 23 хүртэлх насныхны Азийн аварга боллоо

Вьетнамын Вун Тау хотноо 6-р сарын 18-21-ний өдрүүдээр чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнээс Монголын баг, тамирчид 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медалийг хүртсэн.

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хүч сорьсон U20 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Батбаярын Намбардагва, Энэтхэгийн бөх, U17 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Сингх Жаспуран, U20 ангиллын Азийн АШТ-ий хүрэлтэй Кыргызстаны Сүлдэ Донгак, Казахстаны Алимжан нарыг ялж, 23 хүртэлх насныхны Азийн аварга боллоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д барилдсан Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Батхуягийн Анударь, эхний барилдаандаа Казахстаны Тыныс Дубект ялагдсан.

Тэрбээр Вьетнамын Ти Хиен Данг, Энэтхэгийн Прагати Гаиквад нарыг буулгаж авснаар энэ жингийн аваргыг тойргийн барилдааны дүнгээр тодруулахад манай бөх алтан медалийн тавцанд зогссон юм.

65 кг-д зодоглосон U15 ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Алтансүхийн Даваажаргал, 5-р сард “Улаанбаатар опен” тэмцээнд үзүүрлэсэн Энэтхэгийн Шикша Шикшаг ялж, Кыргызстаны Дилназ Сазановад унасан.

Манай бөх Казахстаны Жангил Бекен, Вьетнамын Хуйн Нгуен нарыг буулган авч, нийлбэр дүнгээр түрүүлэв.

Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд хүч сорьсон Төмөрбаатарын Дэмчигдорж, Казахстаны Арыстан Карабек, Кыргызстаны Улукбек Сооромбеков нарыг ялж, финалдсан. Гэвч манай бөх Энэтхэгийн Сачинд 5:2-оор дийлдэж, мөнгөн медаль хүртлээ. Т.Дэмчигдоржийн тухайд, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-д хоёр жил дараалан үзүүрлэсэн нь энэ юм.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдсан 23 хүртэлх насныхны Азийн аварга, өсвөр үе болон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл, Казахстаны Марал Тангирбергенова, ШриЛанкийн Хэва Педиж, Узбекистаны бөх, өсвөрийн үеийнхний ДАШТ-ий хүрэл медальт, мөнхүү ангиллын Азийн аварга Муштарий Толипбекова нарыг буулган авч, финалдсан.

Тэрбээр Энэтхэгийн тамирчин, U20 ангиллын ДАШТ болон Азийн АШТ-ий хүрэл медальт Приянши Пражапатад 4:2-оор унаж, мөнгөн медаль атгалаа.

М.Мөнхгэрэлийн хувьд, 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ээс алт, мөнгөн медальтай боллоо.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 76 кг-д зодоглосон 20 хүртэлх насныхны Азийн АШТ-ий мөнгөн медальт Таравын Түвшинжаргал, Казахстаны бөх, Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Анастасия Панасовичийг 6:1-ээр ялсан.

Тэрбээр Энэтхэгийн тамирчин, Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, U17, U20 ангиллын дэлхийн аварга Прияа, Кыргызстаны бөх, Кайыркул Шаршебаева нарт унаж, хүрэл медаль зүүлээ.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч сорьсон “Төгс” дэвжээний бөх Ганхүлэгийн Батнасан, Кыргызстаны Доктурбек Уулу, Туркменистаны Амир Хамаюн нарыг буулган авч, хагас шигшээд шалгарсан.

Түүний хувьд Казахстаны тамирчин, U20 ангиллын ДАШТ-ий мөнгөн медальт, 23 хүртэлх насныхны Азийн аварга Мерей Базарбаевт 7:5 оноогоор ялагдаж, Узбекистаны бөх, өсвөр үеийнхний Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Арслан Рахимовыг дийлж, хүрэл медаль гардлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.