UBLife Logo
Спорт

Монголын шигшээ Японы багт хожигдож, ДАШТ-ээс мултарлаа

Монголын шигшээ Японы багт хожигдож, ДАШТ-ээс мултарлаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө явагдаж байна.

Монголын эрэгтэй шигшээ багийнхан энэ тэмцээний “В” хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегрогийн шигшээ багуудын хамтаар хуваарилагдсан.

Монголчууд тэмцээний эхний өдөр дэлхийн аварга АНУ-ын багт 21:18 харьцаатай, “Токио-2020” олимпын аварга Латвийн шигшээд 21:16-гаар хожигдсон билээ.

Тэгвэл өнөөдөр Монтенегро болон Японы шигшээ багуудад хожигдож, ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүллээ.

Э.Дөлгөөн Латвийн эсрэг тоглохдоо шилбэний булчингаа гэмтээсэн тул ахин талбайд гарах боломжгүй болсон. Тиймээс эдгээр тоглолтод Монголын багийнхан А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сэлгээний тоглогчгүй хүч сорьсон юм.

“В” хэсгийг АНУ-ын багийнхан тэргүүлж, шуудхан шигшээ наймд шалгарсан. Харин Латви болон Японы багууд энэ хэсгийн дараагийн байруудад эрэмблэгдэж, хасагдах шатанд өрсөлдөхөөр боллоо.

Монголын шигшээ 3х3-ийн ДАШТ-д 2018 онд анх оролцож, 8-р байрт шалгарсан билээ. Гэвч тэр цагаас хойш эл амжилтаа ахиулж чадаагүй байна. Тэд ДАШТ-д тав дахиа хүч сорьсон нь энэ юм.

Монголын багийн тоглогч О.Энхбаатар Японтой хийсэн тоглолтын дараа “Бид бүтэн жилийн хугацаанд хичээсэн. Харамсалтай нь, бүтэн багаараа тэмцээнийг дуусгаж чадалгүй нэгнийгээ бэртэлд алдлаа. Монголынхоо ард түмнээс уучлал хүсье. Та бүхнийгээ баярлуулах сан гэж маш их хичээлээ, даанч чадсангүй. Биднийг уучлаарай. Дэмжсэн, бидэнд итгэсэн бүх хүмүүст баярлалаа. Бид нэг баг байж чадсан. Өнөөдөр манай багийнхан Монх ахын төлөө тоглоё гэж ирсэн. Харамсалтай нь, хожиж чадсангүй. Гэхдээ цаашид зөндөө тэмцээн байгаа. Тэр болгонд хичээнэ ээ” хэмээн нулимстайгаар ярьсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.